Д.Мягмарцэрэн: Зургаан сарын хугацаанд 24 шүүгчийн гаргасан зөрчилд шийтгэл оногдуулсан

Ангилал
 Хууль эрх зүй
Хэзээ
Унших
23 минут 18 секунд

Шүүхийн сахилгын хороо хэмээх шинэ тутам байгууллага үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Шүүгч нарын сахилга ёс зүйтэй холбоотой асуудлыг хянан шалгадаг энэ хорооны дарга, доктор дэд профессор Д.Мягмарцэрэнтэй хийж хэрэгжүүлж буй ажлынх нь талаар Өнөөдөр сонины сэтгүүлч Г.Цолмон ярилцлаа.

- Шүүхийн сахилгын хороог байгуулж, шүүгч болон шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулан үйл ажиллагааг нь эхлүүлснээс хойш хагас жил шахмын хугацаа өнгөрч байна. Шүүгч нарын ёс зүйгээ зөрчсөн, эсэх асуудлыг л хэлэлцэн шийдвэрлэдэг гэсэн ойлголт нийгэмд тогтоод байгаа. ШСХ чухам ямар үүрэгтэй байгууллага вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье.

- Монгол улсын үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Шүүхийн сахилгын хороог бие даасан хараат бус үндсэн хуулийн байгууллага болгон шинэчлэн зохион байгуулахаар заасан. Энэ өөрчлөлтийн хүрээнд шүүхийн тухай хуулийг батлан мөрдүүлснээр манай улсын үндсэн хуулийн байгууллагын бүрэлдэхүүнд шүүх эрх мэдэл, түүний хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх, хэн нэгэнд давуу эрх олгохоос сэргийлэх, олон нийтийн оролцоог хангах, хяналтыг тогтоох зорилгоор Монгол Улсын Шүүхийн сахилгын хороо гэсэн байгууллага орж ирсэн байдаг. Шүүхийн тухай хууль 2021 оны гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн дагуу нийт шүүгчдийн анхдугаар чуулган 2021 оны аравдугаар сарын 11-нд зохион байгуулагдаж, тухайн өдрийн тогтоолоор Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнээр дөрөв, УИХ-ын 2021 оны 11 сарын 18-ны нэгдсэн чуулганаар шүүгч бус таван гишүүнийг томилсон. Улмаар ШСХ-ны бүрэн эрх тухайн өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш өдгөө зургаа дахь сардаа үйл ажиллагаа явуулж байна.

Шүүхийн сахилгын хороо нь хамтын удирдлагын зарчимтай бөгөөд нийт гишүүдийн хурлаар ажлын албаны бүтэц, орон тоо, үйл ажиллагааны дүрмээ 2022 оны нэгдүгээр сарын 26-ны баталж, Сахилгын хорооны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна. Ажлын алба нь Захиргааны удирдлагын, Хууль зүйн, Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтэс гэсэн гурван нэгжтэй байхаар журамлан ажиллаж байгаа. Сахилгын хорооны даргыг гишүүд дотроосоо нууц санал хураалтаар сонгох эрх зүйн зохицуулалтай байдаг. Энэ утгаараа 2021 оны 11 сарын 29-ны хуралдаанаараа Шүүхийн сахилгын хорооны анхны даргаар миний бие сонгогдон ажиллаж байна.

Шүүхийн сахилга ёс зүйн зөрчлийг хянан шалгадаг алба нэгж Сахилгын хороо байгуулагдахаас өмнө Шүүгчийн ёс зүйн хороо нэрээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байсан түүхтэй байдаг. Монгол Улсын шүүх 1954, 1970, 1989, 1997, 2003, 2010, 2014 онуудад тус тус Шүүгчийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлж байсан. Шүүхийн болон шүүгчийн эрх зүйн байдлыг зохицуулж байсан бүхий л хууль тогтоомжид ёс зүйн дүрмийн талаарх зохицуулалтыг тусгаж ирсэн ба сахилгын хороо байгуулагдахаас өмнө энэхүү дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байсан.

Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг Монгол Улсын үндсэн хууль болон шүүхийн тухай хуульд шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулахаар хуульчилсан. Энэ дагуу сахилгын хороо нь иргэд албан тушаалтнаас өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч зөрчил шалгах ажиллагаа хэрэгжүүлж, зөрчилтэй гэсэн тохиолдолд сахилгын хэрэг үүсгэж хянан шийдвэрлэдэг.

-Шүүгч эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд тус хороо бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэж, хууль сахиулах байгууллага шалгах ёстой байх аа?

- Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгагдах тохиолдолд эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг сахилгын хорооны гишүүд зөвлөгөөнөөрөө шийдвэрлэдэг. Харин Шүүхийн тухай хуулийн 50, 51, 52, 53 дугаар зүйлд заасан нийт 45 тохиолдлыг зөрчвөл сахилгын зөрчилд тооцож, шүүгчид хариуцлага ногдуулахаар хуульчилсан.

-Танай байгууллага нийгэмд ямар ач холбогдол, үр нөлөөтэй гэж та үздэг бол?

- Монгол Улс эрх зүйт төр, ардчилсан нийгмийн байгууллыг цогцлон байгуулаахаар 1990 оноос эргэлт буцалтгүй шилжин хөгжиж байна. Шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хуульчилсан ба шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг Үндсэн хуульд тунхаглан заасан байдаг. Сүүлийн жилүүдэд өрнөж буй эрх зүйн шинэчлэлтийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Энэ утгаар шүүхийн хараат бус байдалд нөлөөлөхгүйгээр хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, иргэдийн итгэлийг хадгалах, хамгаалах зорилгоор төрөөс бүрдүүлж буй зохистой бүтэц, арга хэмжээний нэг нь хараат бус бие даасан Шүүхийн сахилгын хороо байгуулсан явдал юм. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсанаараа олон жил шүүхийн системд дотор нь байсан сахилга ёс зүйн зөрчил хянан шалгах үйл ажиллагаа хөндлөнгийн хараат бус бие даасан хэлбэрт орсон нь илүү үр дүнтэй шийдэл болсон. Сахилгын хороо байгуулагдаад багахан хугацаа өнгөрч байгаа хэдий ч тус хорооны үйл ажиллагааны үр дүн гарч байна гэж миний хувьд дүгнэн хэлж чадахаар байгаа. Тус хороо бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 107 шүүгчид холбогдуулж 462 өргөдөл гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан үүнээс 179 нь шинээр хүлээн авсан ба 24 шүүгчид сахилгын зөрчил гаргасанд тооцож шийтгэл оногдуулсан.

-Тус хороонд одоогоор хэдэн шүүгчид холбогдох хэчнээн өргөдөл, мэдээлэл бүртгэлтэй байна вэ. Цөөнгүй гомдол, хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн шүү дээ.

- Шүүхийн сахилгын хороо нийт 400 гаруй өргөдөл, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 200 гаруй буюу 50 хувьд нь сахилгын хэрэг үүсгэж шалгах ажиллагаа явуулсан. Бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш Улаанбаатар хотод байрлах анхан шатны шүүхийн 63 шүүгч, давж заалдах болон хяналтын шатны 11 шүүгч, хөдөө орон нутагт байрлах шүүхийн 33 шүүгчийн талаар өргөдөл гомдол мэдээлэл ирсэн байна.

Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар 14 шүүгчид сануулах арга хэмжээ авч, 6 шүүгчид цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, 4 шүүгчид огцруулах шийтгэл оногдуулсан байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 24 шүүгчид зөрчил гаргасанд тооцож зохих шийтгэл оногдуулснаас 6 шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байгааг анхаарах хэрэгтэй. Бусад нь шүүхийн сахилгын хорооны шийдвэрт гомдол гаргасан учир хянан шалгагдаж байгаа.

Шүүхийн тухай хуулийн 39.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нэг шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, мөн хуулийн 56.8.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гурван шүүгчийг албан тушаалаас нь огцруулсан бол Нийслэлийн Прокурорын Газраас ирүүлсэн саналыг хянан хэлэлцээд гурван шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Өмнөх Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ёс зүйн хороо хүлээн авч шийдвэрлээгүй байсан 283 өргөдөл гомдлыг Сахилгын хороо хүлээн авч хянан үзээд 25 шүүгчид зөрчил гаргасанд тооцсон боловч өмнөх эрх зүйн зохицуулалтаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир сахилгын хэргийн нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ бол хоёр эрх зүйн зохицуулалтын шилжилтийн үеийн нөхцөл байдал юм. Цаашид энэ байдал багсах бөгөөд шинэ эрх зүйн зохицуулалтаар хөөн хэлэлцэх хугацаа 1 жилээс таван жил хүртэл уртассан ба олон удаа давтан зөрчил гаргагчдад огцруулах шийтгэл оноох бүрэн эрхийг шүүхийн сахилын хороонд олгосон.

- ШСХ-ны гишүүд гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхдээ холбогдсон шүүгч, гомдол гаргагч зэрэг хүмүүсээс тайлбар мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах ажиллагаа хийдэг биз дээ.

- ШСХ-ны гишүүдэд хуулиар хянан шалгах ажиллагаа хэрэгжүүлэх онцгой эрх олгогдсон. Өргөдөл, гомдол, мэдээлэл хянан шалгах ажиллагаатай холбоотой давхардсан тоогоор бүх шатны шүүхүүдээр 80 удаа томилолтоор явж ажиллажээ. Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хүний нөөцийг бүрдүүлэх, ажлын байрны нөхцөл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэд бүтцийг сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрлэж зохих стандартад хүргэхээр ажиллаж байгаа. Одоогоор хараахан зохих түвшинд хүрээгүй хэдий ч гишүүд албан ажилтнууд хуулиар олгогдсон үүргээ бүрэн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Олон нийтийг мэдээллээр хангах, нээлттэй ил тод ажиллах чиг үүргийн хүрээнд ШСХ-ны албан ёсны цахим хуудас www.judiscom.mn болон “Шүүхийн сахилгын хороо” гэсэн хаягтай фэйсбүүк, инстаграм, твиттер хаяг нээн, хуралдааны тов, шийдвэр, өргөдөл гомдлын бүртгэл, шийдвэрлэсэн хэрэг болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээ, мэдээллүүдийг өдөр тутам тогтмол нийтэлж, олон нийтэд хүргэж байгааг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч та бүхэн өргөн ашиглахаар боломж бололцоог ханган ажиллаж байгаа.

-Тус хороонд ирсэн 400 орчим өргөдөл, гомдлоос 50 орчим хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан гэлээ. Яг ямар үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэж шалгадаг талаар тодруулахгүй юу?

- УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 15-нд баталсан Шүүхийн тухай хуульд зааснаар шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Шүүхийн сахилгын хорооны эрх зүйн байдлыг хуульчилсан. Сахилгын хороо нь дээрх хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн талаарх өргөдөл, мэдээллийг хүлээн авч, түүнийг зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд сахилгын хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг.

Ямар тохиолдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах вэ гэдгийг хуульд тодорхой заасан байгаа. Нэгдүгээрт, Шүүхийн тухай хуульд заасан зөрчил буюу хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзвэл, хоёрдугаарт, өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримт, шүүгчийн үйл ажиллагааны талаар, эсхүл уг өргөдөл, мэдээллийн дагуу сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны гишүүний захирамж, тус хорооны магадлал, тогтоол, хянан үзэх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа бол, гуравт, өргөдөл, мэдээлэл гаргасан этгээд тодорхойгүй бол сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэдэг. Энгийнээр тайлбарлан хэлбэл шүүхийн тухай хуульд нэрлэн заасан тодорхой 50 орчим хориглосон хязгаарласан, үүрэг болгосон заалтуудыг зөрсөн үйлдэл эс үйлдэхүй л юм. Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан асуудалд өргөдөл гомдол гаргах шаардлага хангаагүй бүрдэл дутуу асуудал байдаг. Мөн энэ шийдвэрт гаргасан гомдлыг гомдол шийдвэрлэх хуралдаанаар авч хэлэлцэн 14 нь сахилгын хэрэг үүсгэх шийдвэр гаргасан. Мөн гишүүдийн шийдвэр гаргах үндсэн ажил нь хуралдаан бөгөөд өнөөдрийн байдлаар 369 хуралдаан хийж ажилласан тоо мэдээ байгаа. Нийт гишүүдийн зөвлөгөөн 31, гомдол шийдвэрлэх хуралдаан 92, сахилгын хорооны хуралдаан 241 гаран, хянан үзэх хуралдаан 5 орчим хийгдсэн байгаа. Сахилгын хорооны гишүүдээс дээд тал нь давхардсан тоогоор 100 орчим хуралдаан даргалсан ба бүрэлдэхүүнд орсон тоо мэдээ байна. Бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш мянга орчим захирамж, 88 тогтоол, 115 магадлал гаргасан статистик мэдээ байгаа. Эдгээр байдлуудыг нэгтгэн үзвэл сахилгын хорооны үйл ажиллагаа өвөрмөц онцлогтой бөгөөд ачаалалтай гэж хэлж болохоор юм.

Цаашид хууль хэрэглээний явцад болон шүүхийн практик үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын үр дүнд энэ зөрчлийн тоо нэмэгдэх нөхцөл байдал үүсэн бий болж болно гэж хуульч эрдэмтний хувьд бодож байгаа.

- Хагас жил шахмын хугацаанд дүрэм, журмаа боловсруулж батлахын зэрэгцээ тэр олон өргөдөл, гомдлыг шийдвэрлэн багагүй ачаалалтай ажиллажээ гэж ойлгож болох нь. Олон нийтийн дунд байгаа шиг, цахим орчинд тархаад байдаг шиг шүүх, шүүгч нар бүхэлдээ зохих ёсоор ажиллахгүй болсон гэж харагдаж байна уу. Та энэ талаар ямар нэг дүгнэлт хэлж болох уу?

-Шүүхийн системийг бүхэлд нь зохих ёсоор ажиллахгүй байна, шүүгч нар бүгд ёс зүйн зөрчил гаргаж байна гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Иргэн, хуулийн этгээд нь гомдол гаргах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь нээлттэй учраас гомдол гаргана. Тэр болгоныг шүүгч ёс зүйн зөрчил гаргаад байна гэж үзэж, дүгнэж болохгүй. Сахилгын хороонд ирж байгаа өргөдөл, мэдээллийг хорооны гишүүд хүлээн авч, зөрчил гаргасан, эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгах ажиллагааг явуулж байж тогтоодог. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 500 гаруй шүүгч ажиллаж байна. Олон хүний дотор алдаа зөрчил гаргаж байгаа шүүгч бий. Тэр хүмүүст холбогдох сахилгын шийтгэлийг нь оноож байгаа.

- ШСХ-нд хэн, ямар үндэслэлээр өргөдөл, гомдол, мэдээлэл гаргах боломжтой вэ гэдэгт зөвлөгөө өгч болох болов уу?

- Сахилгын хороо нь чиг үүргийн хувьд зөвлөгөө өгдөг байгууллага биш л дээ. Гэхдээ Шүүхийн тухай хуулийн 103.1 дэх хэсэгт “Шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн хүн, албан тушаалтан, хуулийн этгээд холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Сахилгын хороонд өргөдөл, мэдээлэл гаргана” гэж заасан бөгөөд дээр дурдсан 40 гаруй тохиолдолд Сахилгын хороонд гомдол гаргах үндэслэл бий болно. Тэгэхээр хуульд заасны дагуу хэн ч өргөдөл, гомдол гаргахад нээлттэй гэж ойлгож болно. Өргөдөл, мэдээллийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан бол төлөөлөх эрх олгосон баримт, бичиг болон итгэмжлэлийг хавсаргах ёстой байдаг. Гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл болгонд дурдсан үйл баримт зөрчил болохгүй бөгөөд түүнийг тал бүрээс хуулийн дагуу хянан үзэж, шалгаж тогтоодог.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны анхааралд өртсөн зургаан шүүгчид үүсгэсэн, түүнээс өмнө гурван шүүгчийн холбогдсон сахилгын хэргийг Сахилгын хороо хэлэлцэн шийдвэрлэлээ. Нэр бүхий зургаан шүүгч сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах сураг сонсогдсон. Сахилгын хорооны шийдвэрийг давж заалдсан тохиолдолд хэн, хэрхэн шийдвэрлэх вэ?

- Шүүхийн тухай хуульд Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл Сахилгын хороонд гаргаж болох бөгөөд магадлалд гаргасан гомдол, эсэргүүцлийг гурван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ. Сахилгын хорооны магадлалд гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар хэлэлцэж хуульд заасан аль нэг шийдвэр гаргах зохицуулалттай байгаа. Таны асуусан шүүгчдийн хувьд зөрчил гаргасанд тооцож бүгдэд нь зохих шийтгэл оногдуулсан. Гэхдээ хуулийн хүчин төгөлдөр хараахан болоогүй байгаа.

-Өмнө нь сахилгын шийтгэл хүлээсэн шүүгч шийтгэл үйлчилж байх хугацаанд дахиад сахилгын хэрэгт шийтгүүлсэн тохиолдолд албан тушаалаас нь огцруулах үндэслэл болох уу. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар өмнө нь сахилгын шийтгэл хүлээсэн. Сая зургаан шүүгчтэй холбоотой үйлдэлд нь огцруулах шийтгэл оноолоо шүү дээ.

- Энэ талаар шүүхийн тухай хуульд тодорхой заасан байдаг. Шүүгчийн гаргасан зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, хүнд хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон шийтгэлийг оногдуулах бүрэн эрх Сахилгын хорооны гишүүдэд олгогдсон байгаа. Мөн түүнчлэн Шүүхийн тухай хуульд хаалттай сануулах, нээлттэй сануулах шийтгэл оногдуулах зөрчлийг 10-аас дээш удаа, эсхүл энэ хуулийн цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах шийтгэл оногдуулах зөрчлийг таваас дээш удаа гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн тохиолдолд тохиолдолд шүүгчийг огцорсонд тооцож шийдвэр гаргах үндэслэл болохоор хуульчилсан байдаг. Шүүгч З.Болдбаатарын хувьд сахилгын хорооны хуралдаанаар түүний зөрчлийн нөхцөл байдал, хэр хэмжээ зэрэгт нь тохирсон сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан. Дахин хэлэхэд сахилгын хэргийн оролцогчдын дийлэнх нь сахилгын хорооны шийдвэрт гомдол гарган удаан хугацаанд хянан шалгагдаж байгаа учир шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа хойшилсоор байгаа. Зөрчил гаргасан нь тогтоогдсон бол хариуцлага зайлшгүй. Энэ бол цаг хугацааны асуудал юм.

-ШСХ хэмээх бүтэц, түүний хэрэгжүүлж буй үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн гэж нэр бүхий хүмүүс Цэцэд гомдол гаргасан байна лээ. Үнэхээр “Эцэг хууль”-иа зөрчиж тус хороог байгуулсан юм уу?

- Монгол Улсын иргэн, Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ямар ч үндэслэлээр Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргах эрхтэй. Энэ асуудал нь Үндсэн хуулийн цэцийн хамаарах хүрээний асуудал учир тодорхой зүйл хариулах боломжгүй. Бидний зүгээс Үндсэн хууль болон одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд тэдгээрт нийцүүлэн өдөр тутмын үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.

Нэгэнт Үндсэн хуульд тусгайлан зааж хуульчлан байгуулагдсан Шүүхийн сахилгын хороо нь хуулиар оногдуулсан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллах нь зүйн хэрэг. Шинээр байгуулагдсан байгууллагын хувьд учирч буй бэрхшээл байгаа хэдий ч төсөв санхүү, зохион байгуулалтын хүрээнд боломж бололцооны хэрээр дэмжин анхаарч байгаа. Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа нь өөрөө өвөрмөц учир зарим талаараа зохих зохицуулалт, нөхцөлийг шаардаж байна. Энэ бүгдийг тодорхой дараалалтай цаг хугацаанд авч хэрэгжүүлэхээр төлөвлөөгөөтэй ажиллаж байна. Энэ бүгдэд маш няхуур хариуцлагатай хандан байгууллагын эхлэлийг зөв тавих нь Шүүхийн сахилгын хорооны анхны даргын хувьд надад оногдсон энэ цаг үеийн чухал үүрэг даалгавар гэж ойлгож байна. Үндсэн хуулийн цэцийн анхны дарга шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совд багш намайг эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх хүсэл эрмэлзлийг маш ихээр дэмжин сайшааж тусалсан ач гавьяатан. Түүний адил шинээр байгуулагдсан Үндсэн хуулийн байгууллагын анхны дарга болсон нь миний хувьд нэг ургийн удмын дүүгийн хувьд нэр хүндийн хэрэг учир ихээр билэгшээж, хүч чадлаа дайчлан, хичээнгүй ажиллаж байна. Цаашид энэ байгууллагын хөгжил дэвшил, эрх зүй, материаллаг нөхцөлийг дээшлүүлэх талаар бололцоотой бүхий л арга хэмжээ авах талаар өрөө болон гишүүд, ажлын албаны хамт олонтойгоо идэвх зүтгэлтэй ажиллана гэж бодож явна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2022.05.11 Лхагва №093

Осолд орсон Монголын топ донор Б-г агаараар шуурхай тээвэрлэн ГССҮТ-д хүлээлгэн өгчээ
 
Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!