Од дурандах хүсэлтэй, одон орон сонирхогч хүүхэд залуусын хүслийг "Хүрэл тогоот" одон орон судлах оргил биелүүлдэг болсноор нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Од дурандахыг хүссэн хүмүүс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг нээлттэй хаалганы өдрөөр тус одон орон орчин шинжилгээний хүрээлэнгийн од дурандах оргилоор зочлох боломжтой юм.
Биднийг "Хүрэл тогтоот"-д очиход бүрхэг шөнө таарсан учир од дурандахаар ирсэн хүмүүс харьцангуй цөөн байсан бөгөөд тэднийг буцаж байхтай таарсан юм.
"Хүрэл тогоот" одон орон орчин шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Баатархүүтэй ярилцлаа.
- Одон орон орчин шинжилгээний хүрээлэнг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Байгууллагынхаа талаар танилцуулаач?
- Манай одон орон орчин шинжлэх ухааны хүрээлэн 1957 онд байгуулагдсан. Түүнээс хойш эрдэм шинжилгээний ажил, судалгаа хийж тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай Одон орон судлалын оргил нь манай улсад Одон орон судлалын чиглэлээр ажилладаг төрийн өмчит цорын ганц байгууллага болох онцлогтой.
- Танай хүрээлэн ямар судалгааны ажлуудыг хийгддэг вэ?
- Манай хүрээлэнд бага гарагийн хөдөлгөөн, дэлхийн эргэлтийн хөдөлгөөн, дэлхий тэнхлэгээ эргэх хөдөлгөөн болон нар сарны хөдөлгөөнийг судалдаг.
Энэ хүрээлэнд Монгол орны өргөргийг анх тодорхойлж байсан.
Сүүлийн үед дэлхийн эргэлтийн тэнхлэгийн хөдөлгөөн, туйлын шилжилт, гэнэтийн өөрчлөлтүүдийг түлхүү судалж байгаа. Янз бүрийн хүчтэй газар хөдлөлт, цунами болоход дэлхийн тэнхлэгийн эргэлт тодорхой микро секундээр өөрчлөгдөж байгааг сүүлийн үед тогтоогоод байгаа. Өдрийн цагаар нар, нарны идэвхт үзэгдлийг судалдаг бол шөнө нь одод, оддын бөөгнөрөл, гариг эрхэс болон сарыг дурандаж
- Монгол орны газар хөдлөлтийг энд тодорхойлдог гэж сонссон?
- Тийм. Манай одон орон эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэг салбар нь газар хөдлөлтийг хэмжиж тодорхойлдог. Хот дотор төв салбар нь байрладаг. Газар хөдлөлтийг хэмждэг станцууд орон нутгуудад ч мөн олон бий.
- Тус хүрээлэнд од дурандах хүсэлтэй иргэд ирж од хардаг гэсэн. Од дурандахад байнга нээлттэй байдаг юм уу?
- Манай хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөр жил бүр тогтмол болдог. Энэ өдрүүдээр од дурандахыг хүссэн, одон орон сонирхогч хүүхэд залуус гээд бүх хүнд нээлттэй байдаг. Мөн нээлттэй хаалганы өдрүүдээр ирсэн үзэгчдэд од дурандуулж, одод болон одон оронгын шинжлэх ухааны талаар тайлбарлаж өгдөг. Нээлттэй хаалганы өдрүүдээр их олон хүн ирдэг.
- "Хүрэл тогоот"одон орон орчин шинжилгээний хүрээлэнд хэчнээн судлаач ажилладаг вэ. Одон орон судлаачдын ажлын онцлог юу вэ?
- Манай хүрээлэнд 20 гаруй судлаач, мэргэжилтнүүд ажилладаг. Энд "Астро физик", "Астро метр" гэсэн хоёр том судалгааны лаборатори байдаг. "Астро метр" лаборатори нь 1963 онд байгуулагдсан. Нарны том телескоптой. Үүгээр ихэвчлэн наран дээр болж буй идэвхтэй хөдөлгөөн, нарны толбо, дөл зэргийг ажиглаж, идэвхжлийг нь судалдаг. Судалгааны ажлыг ихэвчлэн шөнө хийдэг учир шөнийн цагаар их ажилладаг. Судлаач, ажилчид хүрээлэндээ байрлаж, ээлжээр ажилладаг.
- Манай улсын хувьд одон орон судлалын салбар ямар түвшинд байна гэж харж байна вэ?
- Манай улсын одон орон судлалын салбар ОХУ-тай хамтран ажилладаг. Герман улсад үйлдвэрлэгдсэн дэлхийд 2,3 ширхэг ашиглагддаг дурангууд манай улсад байдаг. Сүүлийн хэдэн жил бага гараг судалдаг дурангуудыг суурилуулан, ашиглаж тодорхой ажлуудыг хийсээр байгаа.Манай байгууллага Шинжлэх ухааны академид харьяалагддаг.
- Ярилцсанд баярлалаа.
Энэхүү орон судлалын төв нь хотоос 20 орчим км зайд Богд хан уулын зүүн хойд үзүүрийн “Хүрэл тогоот”-ын аманд байрладаг.
Гэрэл зургийг А.Санжаасүрэн