Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 7-ны өдөр залуус нэгдэж, Сүхбаатарын талбайд “Монголдоо сайхан амьдарья” жагсаалыг зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан МЭК судалгааны компаниас тус жагсаалд оролцсон иргэдийн байр суурийг тодруулсан судалгааг хийжээ. Бид тус судалгааны талаар МЭК судалгааны компанийн захирал Л.Золбаатартай ярилцлаа.
-Залуусын жагсаалтай холбогдуулан хийсэн судалгаа болон түүний үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ сарын 9-12-ны хооронд Улаанбаатар хотын иргэдээс улс төрийн барометрийн судалгааны мэдээллийг цуглуулсан. Улс төрийн барометр судалгааг манай байгууллага 2014 оноос хойш сар бүр хийж байгаа юм. Энэ сарын судалгааны асуулгыг Сүхбаатарын талбайд өрнөсөн жагсаал, залуусын тавьсан шаардлагад төр хэрхэн хандсан бэ гэдгээр тавьсан. Ингэхэд судалгаанд оролцогчдын 40 орчим хувь нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жагсагчдаас гарч шаардлагыг хүлээн авсан үйлдлийг маш зөв хэмээн хариулсан. 15 орчим хувь нь Ерөнхий сайдын хувьд хийх ёстой зүйлээ л хийсэн хэмээн хариулсан байна. Энэ бол их чухал үзүүлэлт. Учир нь өмнө Монголын улс төрийн түүхэнд жагсагчдаас Засгийн газрын тэргүүн өөрийн биеэр гарч ирж, шаардлагыг нь сонсож хүлээн авч байсан тохиолдол байгаагүй. Л.Оюун-Эрдэнэ сайдын өөрийн биеэр гарч ирж, шаардлагыг хүлээн авсан үйлдлийг хэвийн зүйл мэтээр хүлээн авч байгаа бол улс төрийн соёлын дараагийн түвшин рүү бид шилжиж байна хэмээн харж болохоор байгаа юм.
Жагсаалтай холбоотойгоор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцрох шаардлагатай юу гэх асуулгыг судалгаанд оролцогчдод тавьсан. Ингэхэд 70 гаруй хувь нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцрох шаардлагагүй гэж үзсэн. Мэдээж Засгийн газрын зарим сайд нарыг огцрох шаардлагатай гэж үзэж буй явдлууд байгаа. Гэхдээ Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлагагүй хэмээн хариулсан.
Мөн Л.Оюун-Эрдэнийн МАН доторх тэмцлийг иргэд хэрхэн дэмжиж байна уу, эс дэмжиж байна уу гэх асуултыг тавьсан. Хөгжлийн банк, Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэгтэй холбоотой асуудал дээр яаж ч бодсон МАН-д дотоод маргаан бий болж байгаа. Ялангуяа Хөгжлийн банкны асуудал дээр. Ингэхэд 70 орчим хувь нь Л.Оюун-Эрдэнийн тэмцлийг дэмжиж байна, цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэх байр сууринаас хандсан.
-Хэчнээн иргэнийг хамруулсан бэ?
-Дөрөвдүгээр сарын энэ удаагийн судалгаанд нийт 1002 иргэн хамрагдсан.
-Л.Оюун-Эрдэнийн тэмцлийн хувьд тодорхойлсон асуудлууд дээр иргэдийн байр суурийг гаргаж ирсэн байна л даа. Гэхдээ судалгааг авах явцад энэ чиглэлд иргэд өөрсдөө хэр мэдээлэлтэй байна вэ?
-Хөгжлийн банктай холбоотой асуудлыг улс төр сонирхдоггүй хүн ч мэдэж байгаа. Дотоод процессийн талаар мэдээлэл иргэдэд байхгүй. Гэхдээ тус банкны асуудалд эрх мэдлээ урвуулан ашигласан аль эсхүл ямарваа нэгэн хууль бус үйлдэл, ёс зүйгүй үйлдэл гарсан талаар мэдээлэлтэй байсан.
-Судалгаанаас харахад тус жагсаалд оролцсон залуусын байр суурийг хэрхэн дүгнэж болохоор байна вэ?
-Залуус өөрсдийн байр суурийг илэрхийлэх үйлдлийг гаргаж байгаа нь өөрөө маш том алхам. Байр сууриа улс төрд хүргэж төрд шаардлага тавьж буй асуудал шүү дээ. Харин жагсаал цуглааны үйл явц хуулийн хүрээнд байх ёстой. Жагсах эрхтэй. Жагсаалынхаа үр дүнд Ерөнхий сайдыг гаргаж ирээд шаардлага өгч байгаа нь чухал.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
МЭК ХХК-иас "Монголдоо сайхан амьдаръя" жагсаалд оролцсон иргэдийн байр суурийг тодруулан хийсэн судалгааг та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн судалгаанд жагсаалаас гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаанд олон нийтийн өгсөн үнэлгээ ч багтсан юм.
Ц.Янжиндулам