Шадар сайд С.Амарсайхан Монголын ипотекийн корпораци нь ипотекийн зээл авсан иргэдэд зуучилсан нэрийдлээр хувь авч, луйварддаг хэмээн мэдээлсэн. Тиймээс уг асуудлаар МИК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ипотекийн зээл олгох явцад МИК яг ямар оролцоотой байдаг вэ?
-Арилжааны банкнаас тусгай зориулалтын компаниар дамжуулж, зээлийн багцыг багц болгон худалдан авдаг. Ингэхдээ хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн дагуу тусгай зориулалтын компани үүсгэж, тухайн банкнаас зээлийг шилжүүлэн худалдаж авдаг. Тусгай зориулалтын компанид үүссэн зээлийн багцыг баталгаат буюу үнэт цаас болгох ажиллагааг МИК хийдэг. Арилжааны банкнуудаас зээлийг авахдаа зөрүүлээд баталгаат бондыг банканд өгдөг. Арилжааны банкууд манайхаас авсан бондоороо Монголбанкнаас авсан эх үүсвэрээ төлдөг юм. Тэгэхээр энэ процессын үр дүнд энэ хөтөлбөр маань тасралтгүй үргэлжлэх боломжийг хангадаг. Улмаар энэ үр дүнд 90 мянган айл өрх 5,6,8 хувийн ипотекийн зээл авч чадсан байна. Банкны салбарын хэмжээнд 5.5 их наядын ипотекийн зээл гарсан. 80 хувь нь хөнгөлөлттэй, 20 хувь нь арилжааны банкуудын эх үүсвэрээр зах зээлийн нөхцөлтэй ипотекийн зээлүүд байна.
Мөн энэ хөтөлбөр хэрэгжснээр барилгын салбарт их бүтээн байгуулалт өрнөсөн. Ипотекийн зээл олгох явцад зээл олгох 6, 8 хувийг тогтооход МИК ерөөсөө оролцдоггүй. Монголбанк, Засгийн газар өөрсдөө хувь хэмжээг нь тогтоодог. Арилжааны банкууд зуучилж, энэ зээлийг иргэдэд хүргэдэг.
-Хэрвээ ямар нэгэн байдлаар МИК татан буугдвал ипотекийн зээл хэдэн хувийн хүүтэйгээр иргэдийн гарт хүрэх вэ?
-Та бүхэн санаж байгаа бол арилжааны банкууд иргэдэд ипотекийн зээлийг 24-30 хувийн хүүтэй олгодог байсан. Хугацаа нь 5-12 жил байсан. Тэгэхээр энэ нөхцөл байдал руу буцаж орох эрсдэл орно.
-Шадар сайдын мэдээлэлтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь доголдох ч юм уу, сөрөг зүйл байна уу?
-Одоогоор үйл ажиллагаа доголдсон юм байхгүй. Харин гаднын хөрөнгө оруулагч, гадны байгууллагатай харьцдагийн хувьд тус газрууд буруу мэдээллээр хангагдах вий.
-Танай байгууллагыг иргэдэд олгох зээлийн хүүгээс мөнгө луйварддаг байсан гээд байгаа?
-Зээл олгох явцад МИК иргэдээс ямар нэгэн байдлаар хүү шимтгэл хураамж авах боломжгүй. Зээлийн хүү, хугацаа, урьдчилгаа төлбөрийн хэм хэмжээ, шалгуур үзүүлэлт зэргийг эрх бүхий байгууллага тогтоодог. МИК-ийн оролцоо байхгүй.
МИК-ийн мэдээллийг энд дарж уншина уу.