Энэ сарын 14-ний өдөр буюу өнгөрөгч Пүрэв гарагт Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэлтсийн төлөөлөгч М нь 13 настай охиныг цагдаагийн байгууллага дээр авч очин улмаар 24 цагийн турш гавлаж биед нь халдаж, хэрэг тулгасан байж болзошгүй хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл эл хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Ховд.мн сайтад гарсан мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга болон аймгийн орлогч прокуророор ахлуулсан ажлын хэсэг Дарви суманд ажиллаж байгаа. Мөн АТГ-ын бүс хариуцсан комиссар тус суманд ажиллаж байна. Бидэнд ирсэн мэдээллээр, охины ар гэрийнхэнтэй уулзсан. Тус аймгийн цагдаагийн газрын дэд даргын утсаар хэлэхдээ охиныг 24 цаг хэсгийн төлөөлөгчийн байранд байлгаагүй гэх мэдээлэл ирж байна. Цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа байвал зохих журмын дагуу хариуцлагаа оногдуулна" гэв.