АН-ын даргаар батламжлагдсан Х.Баттулга өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр материалаа хүргүүлсэн. Улмаар материалаа өгснийхөө дараа сэтгүүлчдэд хандан мэдээлэл өглөө. Тэрбээр "Улсын дээд шүүхийн 38 дугаар тогтоолын дагуу АН сунгаагаа зарлаад намын даргаа сонгосон. Тиймээс өнөөдөр өдрийн сайныг харж байгаад УДШ-д бүртгүүлэхээр өгч байна. Бүртгэх эсэх нь дээд шүүхийн асуудал. Гэхдээ бүртгэх ёстой. Тэд бүртгэл хийдэг л байгууллага. Эв нэгдлээ хэрхэн яаж хамгаалж ажиллах талаараа шийдвэр гаргана. Уулзалтууд хийгээд явж байна" гэлээ.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "117 мянга гаруй намын гишүүн саналаа өгч, 113 мянган хүний саналаар Х.Баттулга Ерөнхийлөгч асан ялалт байгуулсан. Ялалт байгуулсан намын даргынхаа материалыг Дээд шүүхэд хүргүүлж байна. Хуулийн хүрээнд цаашид хийх зүйл АН-д үлдээгүй. Хэрвээ Улсын дээд шүүх бүртгэхгүй бол АН-ын бүх гишүүд өөрсдөө ирэх болно" гэлээ.