Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.03.29/ боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж, энэ онд нийслэлд хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцсэн юм.
2022 онд нийслэлд улс, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих 605 төсөл, арга хэмжээ батлагдсан. Үүнээс 576 төсөл, арга хэмжээний эрхийг шилжүүлж, 21-ийнх нь эрх шилжүүлэх ажил бэлтгэл шатандаа яваа юм. Эрх шилжүүлэх үйл явц 96.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд өмнөх долоо хоногоос 5.7 хувиар өссөн дүн гарчээ. Захирамж гарч, эрх шилжсэн 576 төсөл, арга хэмжээний 119 нь он дамжин хэрэгжиж буй.
Нийт хөрөнгө оруулалтын ажлуудаас 303 төсөл нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих юм. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжих 139, орон нутгийн сангийн хөрөнгөөр хийх 78, улсын төсвөөр хэрэгжих 85 төсөл, арга хэмжээ байна. 2022 онд шинээр тендер зарлан хийж, хэрэгжүүлэх ажлаас 115 ажлын тендер зарлагдаагүй, баримт бичиг боловсруулах шатандаа байгаа гэв. Улсын төсвийн хөрөнгөөр хийх ажлын 69.8 хувийнх нь тендерийг зарлаад байгаа бол нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх ажлын 74.1 хувь, замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлынх 90.6 хувь, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын 61.9 хувийнх нь сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Сонгон шалгаруулалт зарлагдсан төслүүдийн 12 ажлын гэрээг байгуулж, бусад нь үнэлгээ хийх болон тендерийн материал хүлээн авах зэрэг шатандаа байгаа юм.