Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 0-16 насны 14 хүүхдийг одоо хүртэл эрэн сурвалжилж байна. Эдгээр 14 хүүхдийн 10 нь 1996-2021 оны хугацаанд, үлдсэн 4 нь энэ он гарсаар оршин суух газраасаа алга болсон байна. 1990 оноос хойш нийт 10115 хүүхдийг эрэн сурвалжилсан бөгөөд дээрх хүүхдүүдээс бусдыг нь олж тогтоон эцэг эх, ар гэр, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгчээ.
Ихэнх тохиолдолд эрэн сурвалжлагдаж байгаа хүүхдүүд эрэн сурвалжлалт зарласан цагаас 1-4 цаг, зарим тохиолдолд 24-72 цагт олддог бөгөөд 14-30 хоногийн дараа олдох ч тохиолдол байдаг аж. Шалгалтын явцад ихэнх тохиолдолд эцэг эхийн хайр халамж, хараа хяналт дутмаг, гэр бүлд нь ямар нэгэн асуудал тулгарсан, гэртээ байх сонирхолгүй, тэнүүчлэн амьдардаг, найз нөхдийн буруу үлгэр дуурайлалд автсан, үерхдэг хөвгүүн, охинтой болсон, тусдаа амьдрахаар шийдсэн зэрэг шалтгаан нөхцөл тогтоогддог аж.