Өчигдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийн найман хороог хамруулж, сайжруулсан түлш хэрэглэдэг болгох саналыг гаргажээ. Учир нь Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт хийсэн агаарын чанарыг тодорхойлох хэмжилтээр PM 2.5 тоосонцор агаарын чанарын хүлцэх хэмжээнээс 8.2 дахин их гарчээ. Мөн тус дүүргийн ЗДТГ болон иргэдээс 2019 оноос хойш Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах саналыг удаа дараа гаргасан байна. Иймээс Налайх дүүргийн найман хорооны 7226 өрхийг энэхүү бүсэд хамруулж, сайжруулсан шахмал түлшээр хангах асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Дээрх өрхүүд жилдээ 21.678 тонн сайжруулсан түлш хэрэглэх тооцоо гарчээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Нэргүй “Налайх дүүргийн төвийн хэсэгт 5000 орчим айл өрх бий. Тэдгээр өрхүүдийн түлшний хэрэглээ 10-15 мянган тонн гэсэн тооцоо байна. Шахмал түлшний үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллавал 3-4 хоног ажиллаад энэ түлшийг хангах боломжтой. Зөвхөн Налайх дүүрэг гэлтгүй Багануур, Багахангай дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд оруулахад Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар санаачилгатай ажиллах хэрэгтэй. Ирэх жилийн агаарын бохирдлын асуудалд одооноос ач холбогдол өгөх шаардлагатай байна” хэмээв.