Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, сэтгүүлч, зохиолч, МСНЭ-ийн гишүүн Б.Номинчимэдтэй ярилцлаа.
-Урилга хүлээн авсан танд баярлалаа. Таны бага нас хэрхэн өнгөрсөн талаар яриагаа эхэлье?
-Дал, наяад оны сумын төвийн хүүхдийн л амьдрал. Одоо бол хөдөө өссөндөө баярладаг. Дутах юмгүй аз жаргалаар бялхаж өссөн дөө. Дутах юм байгаагүй гэдэг нь шоколад чихэр, хэрэглээний асуудал биш. Би хайраар дутсангүй, ямар нэгэн юмаар өлсөж цангасангүй, өдөржин тоглодог сумын төвийн хүүхэд л байлаа. Өглөө хичээлдээ оччихоод хичээл тарангуут цүнхээ орон дээр чулуудчихаад л гараад тоглодог байлаа.
Бид нарын тэр үеийн сумын төвийн тоглоомыг одоогийн хүүхдүүд ярих юм бол үлгэр домог шиг юм болно. Хамгийн наад зах нь барилдана, маатаг цохино, уралдана, чоно нохой болно, усанд сэлнэ, өвөл болбол хөлдөө канки углаад л гарна. Канки нь мөснийх цасных гэж хоёр янз байдаг.
Өдөржин, хацар чихээ хөлдөхийг ч мэдэхгүй гулгаж тоглоно. Зун болохоор заримдаа хөдөө гарна, хөдөө мал дээр айлуудаар очно. Морь унаж баахан давхина.
Хонин гүрвэл, могойн гүрвэл хоёроор мөн ч их тоглосон доо. Шилэнд гүрвэл хийж нөхдөө айлгаад гүйж л байлаа. Мөн манай нутагт чинь жимс их ургадаг. Зун намарт бол жимс их түүнэ. Алим их ургадаг. Ил нэг авна, хулгайлж нэг авна. Монголын далаад оны нийгэм ерөнхийдөө сэргэн мандалтын үе байсан. Тэр үед бидний бага нас таарсан.
Зарим нэгэн хүмүүст таагүй дурсамж үлдсэн байж магадгүй тийм учраас ингээд намжсан дээр байх. Нийтлэг түүшиндээ бол аз жаргалтай л өнгөрсөн. Дутагдах юм байгаагүй, өлсөж үзээгүй.
-Би таны бага насыг асуудаг учир нь зохиолч болоход хүний бага насны үзэж туулсан, сонссон зүйл нөлөөлдөг юм уу гэж асуух гээд?
-Зохиолч болоход мэдээж туулсан амьдрал нөлөөлнө. Бага насандаа үзэж туулсан хөдөөгийн сумын төвийн амьдралын яруу сайхныг мэдэрсэн нь нөлөөлсөн. Хоёрдугаарт миний бага нас ардын аман өв, хууч яриан дотор бүүвэйлэгдэж өссөн. Мэдээ орох цагаас минь л хүмүүс үлгэр домог шиг юм ярьдаг байлаа. Долоо хоногтоо нэг, хоёр удаа хөгшчүүл цуглаж ярина. Тэр хууч яриа үндсэндээ үлгэр домог шиг л сонин хачин санагдана. Хөгшчүүд тав арваараа цуглана. Зарим үед олуулаа цуглавал шөнө дунд хүртэл лаа барьчихаад л хуучилна. Би жаахан хүүхэд аавын өвөр дээр суугаад яриаг бүгдийг нь сонсоно. Нэгдүгээрт нь тэр гэрэл гэгээтэй бага нас адал явдал дүүрэн, уйтгар гуниггүй, ардын хууч яриаг сонссон энэ хоёр уран бүтээлч болоход нөлөөлсөн.
-Таны уран зохиолын багш хэн байв? Хэн анх уран зохиолд хөл тавихад тань гараас чинь атгасан юм?
-Яг мэргэжлийн уран зохиолын багш гэх юм бол өөр. Харин уран зохиолд хөтөлсөн хүн бол аав минь байгаа юм. Мэдээ орох цагаас уран зохиолын амттай сайхан ярианд өсгөж уран зохиолд оруулсан хүн. Уран бүтээлчийн хувьд анх багш шавийн барилдлага тогтоосон хүн бол утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, судлаач “шар” Ч.Дагвадорж гэж хүн бий. Олон сайхан дуугаар нь Монголын ард түмэн мэднэ. Ээж минь дээ, Дүнжингарав гэх мэт олон дуу бий. Анх 1989 онд таарч өнөөдрийг хүртэл сайн сайн сайхан харилцаатай явна. Түүний дараа Монголын билэгт яруу найрагч О.Дашбалбар гэдэг хүнтэй таарч дөрвөн жил өрнө, дорнын утга зохиол болон Монголын уран зохиол заалгасан. Гэхдээ би маш муу оюутан. Багшийнхаа заасан юмыг их муу сурсан гэсэн үг. Хичээлд суухаасаа суухгүй нь их. Одоо харамсдаг юм. О.Дашбалбар багштайгаа ойр байгаад байнга ярьсан юмыг нь санаад явсан бол магадгүй их олон юманд хэрэг болох байсан байх. Өөр уран бүтээлийн хувьд ойр шадар байдаг найз нөхөд тун цөөхөн.
-Таны ертөнцийг үзэх үзэл юу юм бэ?
-Ертөнцийг үзэх үзэл гэхээр их олон зүйлийн талаар ярих гээд байна. Гэхдээ би чамд эхнээс нь ярьж өгье. Би 10 дугаар ангиа төгсчихөөд хэдэн жил хонь хариулсан юм. Малчин болж үзлээ. Тухайн цаг үеийн уриа лоозон дуудлага байлаа. Соц нийгмийн үеийн хамгийн сүүлчийн илгээлт авсан хүүхдүүдийн нэг нь. Тухайн үед гадна дотнын их дээд сургуульд явах боломжтой байсан хэдий ч ангиараа илгээлт аваад явсан.
Одоо эргээд харах нь ээ ашиггүй сэтгэлийн хөөрлөөр сонголт хийгээд явсан байгаа юм. Ид юм суралцах насан дээр дөрвөн жил хонины хажууд гэеүрч гансраад өнгөрөөчихсөн.
Хэрвээ тэр үед Германд юм уу, Орост сурсан бол өнөөдөр улс төрч юм уу, том л хүн байсан байх.
Гэхдээ уран бүтээлчийн үүднээс хөдөө хонь хариулсан явдал нь өөрөө өөрийгөө дотогшоо аниртах явдал болсон. 1990 оны хувьсалт өөрчлөлт гарангуут хүн төрөлхтөнд итгэж байсан итгэл үгүйсгэгдэж байгаа юм. Мөн адил хүний мөн чанарт итгэж байсан маань. Нэгдүгээрт үзэл санааны хувьд их хүчтэй цохилтод орж байна гэсэн үг. Би социализмыг муу хэлэхдээ их дургүй.
Оросын ардчилсан үзэлтэн Александр Герцен гэдэг хүний О.Овены тухай хэлсэн тэмдэглэл дээрээс тодорхойлж хэлж болно. Овен өөрөө их баян хүний хүүхэд учраас баян үр удам үйлдвэрлэх ген өвөлж авсан хүн. Гэтэл мань хүн өөрөө нийгмийн туршилт хийсэн.
1800-аад оны эхэн үе гэхээр жинхэнэ капиталист мөлжлөгийн үе. Нийгмийн халамж байхгүй, сохор зоосны төлөө өдөрт 10 хэдэн цаг ажилладаг, хөдөлмөр нийгмийн хамгаалал байхгүй тийм үед нийгмийн хамгааллын асуудлыг гаргаж тавьсан.
Нэг ёсондоо амрах ёстой юм байна, ажлын цагийг тодорхой хязгаартай болгох, ажилчдаа амраах, үйлдвэрийн осол гарвал, ар гэр нь асуудалтай байвал тэтгэвэр тэтгэмж өгөх ёстой юм байна гэх мэт ажилчиндаа хүн ёсоор хандах туршилт хийсэн.
Тодорхой хугацааны дараа үйлдвэрлэлийн бүтээмж гозойтол өссөн. Тэгсэн гадна дотнынхон ирж туршлага хүртэл судалж.
Аргагүй л дээ хүнийг ажлын мал гэж хардаг нийгмийг хүн гэж хараад ирэхээр бүтээмж өндөрсөнө. Одоо томоохон корпорацууд энэ зарчмаар явж байна. Өөрийн гэсэн үндэсний дэг соёл үнэ цэнийг бүтээж яваа. Гэтэл тодорхой хугацааны дараа нөгөө систем унасан. Унахдаа ямар ч сэхэлгүй унасан. Үндсэн шалтгаан нь хэцүү хүнд үеийг мэддэг хүмүүсийн үе дуусахаар дараачийн үр хүүхэд, дараачийн үеийнхэн бэлэнчлээд эхэлчихэж байгаа юм. Аль болох бага хөдөлж их цалин авах буюу бэртэгчилж эхэлж байна гэсэн үг. Тухайн үзэл санаа жижиг арал шиг басан учраас нуран уначихаж байгаа юм. Мань хүн дампуурч өөрөө саа өвчин тусаад хүнд байдалтай нас барсан. Александр Герцен Англид очиж хүний гарт ороод, түрдэг тэргэн дээр суугаа О.Овентой уулзаж өвдөгнөөс нь адис авсан байдаг. Тэрний дараа А.Герцен тухайн үеийн сэтгэгдлээ бичсэн. О.Овен хүн төрөлхтний их том зүйлийг олж харсан.
Чарльз Дарвины онолоор бол хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт нэг эст амьтан байгаад эволюцын хөгжлийн үр дүнд хүн болж хувирчээ. Тэр нэг эст амьтан хэзээ нэгэн цагт хөгжлийнхөө дагуу дөрвөн хөлтэй морь, хос жигүүртэй шувуу болж чадах нь гэдгийг олж харсан. Тэгэхээр цаг нь болоогүй байхад нэг эст амьтдыг давхи, нис гэж шахсан.
Харин энэ нэг эст амьтанд ёс суртахуунгүй учраас буцаагаад өөрийг нь хараасан. Их том туршилт, том санаа, зориг их том эрсдэлийг авч ирдэг. О.Овен тэр бүхэн нурсны дараа, хүн төрөлхтөнд итгэж байсан итгэл нь үгүй болоход ямар хүнд цохилтод орсон нь ойлгомжтой. Социализмын туршилт нь нэг ёсондоо тийм туршилт. Хүн чадлынхаа хэрээр хөдөлмөрлөөд баялаг бүтээх ёстой. Хийснийхээ хэрээр авч, чадлынхаа хэрд хэрэглээгээ тааруулах ёстой. Энэ нь өөрөө оюун ухаант хүний ухамсарт бодгалийн мөн чанар гэж үзсэн байгаа юм.
Хамгийн аюултай юм нь нэг эст амиа боддог өчүүхэн дорой, бусдын төлөө ажиллах нь ёс суртахуунгүй зүйл гэж ойлгодог хүмүүсийг бусдын төлөө хөдөлмөрлө гэж шахсан нь алдаа болж байгаа юм.
Тийм учраас сүйрэн унасан. Байгалийн хуулийг зөрчсөн. Социализмын үеийн туршилтыг үзэл санааны хувьд шүүмжилнэ гэдэг өрөөсгөл. Жишээ нь тэнгэрт нисэж буй шувууг газарт байгаа амьтан ниснэ гэдэг чинь тэнэг зүйл гэж байгаатай адил зүйл. Тийм учраас коммунизмыг үзэл санааных нь хувьд шүүмжилдэггүй. Үзэл санаа гэдэг бол том зүйл.
Хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт сэхэх нь сэхээрч чадах юм бол хуучин коммунистуудын гаргаж тавьж байсан агуу эрхэм дээд үзэл санааг өөр түвшинд хүргэж байж хүн төрөлхтөн энэ мухардлаас гарна. Тэрнээс хүн хүндээ хэрэглээ болж харагдаж байгаа өнөөгийн нийгэмд ширэнгийн юм шиг, оюун ухаангүй, ухамсаргүй энэ бодгалийг хүчээр шийдэх гэж оролдох нь буруу.
100-аад жилийн өмнөхөөс олон өөрчлөлт гарсан. Тэр үеийн зарим нэг зүйлтэй уялдаад хөгжиж байгаа юм нийгэмд байна. Скандинавын орнуудын нийгмийн туршилтыг их амжилттай болж байна гэж үзэж байгаа шүү дээ. Гэхдээ эргэлзээтэй. Хувь хүний мөн чанар юу вэ гэдэг дээр асуудал үүснэ гэсэн үг.
30 жилийн өмнө илгээлт аваад явсан маань энэ үзэл санааг дагасан, үнэн байна гэж итгэсэн залуугийн мөрөөдлөөс үүдэлтэй. Хэрвээ хэн нэгэн үүнийг шүүмжлэх юм бол миний хувьд хөх инээд бөгөөд, гунигтай инээд хүрэхээс өөр юм байхгүй. Үүнийг ил тод яриад байх хэцүү. Өнгөрсөн нийгэмд алдаа ч байсан оноо ч байсан. Маш олон тохиолдолд тэрийг байж ядан үүсгэсэн хийрхэл байгаа юм. Хэрвээ 90-ээд оны үед ингэж ярьсан бол алуулна даа. Гэхдээ энэ бол миний үзэл бодлын илрэл. Одоогийн нөхцөл байдалд хэзээ ч бүтэхгүй асуудал. Яагаад гэвэл хүн төрөлхтний оюун сэтгэлгээний ухамсар өндөр түвшинд хүрээгүй. Хүрэх болоогүй тийм болохоор дахиад коммунизмыг ярих боломжгүй. Бодит байдалд нийцээгүй том үзэл санаа эргээд том гамшиг авч ирдгийг бид сайн мэднэ.
Францын Жан-Жак Русо яг л ийм л үзэл санаатай байсан шүү дээ. Ж.Ж.Русогийн үзлээр Францын агуу их хувьсгал ялж хөдөлсөн. Явж, явж нийгмийг үзэх үзэл хүн дээр очдог. Хүн гэдэг бодгаль хэн юм бэ гэдгээ тодорхойлж байж эдийн засгийн болон улс төрийн нийгмийн онолууд тодорхойлогддог.
Үндсэн гурван том ай сав байна. Нэгдүгээрт хүн гэдэг адгийн арчаагүй амьтан. Тэр чанарыг нь ашиглаж үр дүнтэйгээр соёлтой хүний эрхийн суурь зарчим болгож хөгжүүлэх ёстой гэсэн нэг үндсэн үзэл санаа. Соёлжих ёстой, илүү ухамсартай болох хэрэгтэй гэх мэт. Энэ үзэл санааг илэрхийлсэн хүн нь Германы философич Томас Хобс гэж нөхөр бий. Дэлхий нийтээрээ энэ Т.Хобсын үзэл дээр төвлөрч байна. Гэхдээ шүүмжлэлтэй ханддаг нь ч бий. Хоёр дахь нь Ж.Ж.Русогийн үзэл. Ж.Ж.Русо хүн гэдэг бурхны гайхамшигтай бүтээл. Гайхамшигтай, давтагдашгүй амьтан юм. Харин тэр гайхамшигтай зүйлсийг нь бохир орчин буртаглаж эвдчихээд болохгүй байна. Тийм учраас орчныг нь хүчээр сайхан болгоё гэсэн улс төрч үзэл санаа гаргасан юм. Түүнийгээ уран зохиолоор илэрхийлэх гэж Эмиль гэж роман хүртэл бичсэн. Гэхдээ зөрчилтэй. Үр дүн нь бол бүтээгүй. Энэ хоёрын хүнийг үзэх ай сав бол нэлээн туйлширсан.
Гурав дахь нь нэлээд дундын. Австрийн сэтгэл зүйч З.Фройдын ерөнхий үзэл. Энэ нь тухайн хүнд сайн ч юм байна, муу ч юм байна гэсэн дундын үзэл. Энэ гурав л барууны ертөнцийн хүнийг үздэг үзэл. Энэ гурав дээр эдийн засаг нийгмийн үзэл бодол гардаг.
Харин Монголчуудын хувьд үүнийг өөрөөр үздэг. Монголчуудын үзэл санаа З.Фройдынхтой их төстэй. Гэхдээ илүү гүн, цараатай ард түмэн юм байна. Ертөнцийг үзэх үзэл явж явж хүнийг үзэх үзэл дээр суурилсан.
Мөн астра болон квант физикийн түвшинд хүнийг үзэж болох зүйл анзаарагдаж байна. Ертөнцийг үзэх үзэл бол далай шиг.
-Коммунист үзэл санааг буруушаадаггүй гэлээ. Ийм үзэл санаатай хүн таны эргэн тойронд хэр олон байх юм, Та ганцаарддаг уу?
-Ганцаарддаг аа ганцаардаад түүнийгээ даван туулаад гарчихсан /инээв/. Жан- Жак Русогийн үзлээр хөөрцөглөж явсан би гэдэг хүн “хүн гэдэг арчаагүй амьтан” гэсэн нийгмийн том гацалтад орлоо шүү дээ. Тэрийг хараад сэтгэл санаагаар унах, ганцаарддаг тийм үе байсан. Уран зохиолд Гётегийн “Залуу векторын шаналан” гэж нэг ойлголт бий. Тэр бол хайр сэтгэлтэй холбоотой. Гэхдээ залуу насны харах өнцөг, бодсон бодол нь амьдралтай нүүр тулж нуга цохиулах тэр агшныг л шаналал гэж хэлээд байгаа юм. Хүсэл мөрөөдөл хэдий чинээ том, хүчтэй байна төдий чиний хүчтэй цохилтод орно гэсэн үг. Харин үзэл бодлын хувьд нийлдэг хүмүүс бол бий. Тэр хүмүүстэйгээ нийлж бид нарын баримталж буй үзэл бодол үнэн юм байна. Гарцаагүй юм байна гэж нотлох хэрэгтэй. Эхлээд өөрсдөдөө нотлох ёстой. Ямар нэг юманд дэмжигчээр орж хий ангал руу унах юм бол тэр эмгэнэлтэй явдал болно.
Өөрсдийнхөө түвшинд барьж байгаа тэр чиглэлээ нотлох хэрэгтэй. Дараа нь үүнийг Монгол түмэндээ ийм юм байна шүү гэдгээ харуулах ёстой. Цаашлах юм бол хүн төрөлхтөн гэж огт өөр ертөнц байна шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн төрөлхтөн гарцгүй мухардалд орчихсон бүгд эрж хайж байна гэдгийг л харуулах ёстой.10 гаруйхан жилийн өмнө л даяаршил эргэлт буцалтгүй боллоо гэж байсан. Одоо гэтэл буцаад эргэлзээд эхэлж байна. Яагаад гэвэл цаг өөрөө асар хурдан өөрчлөгдөж таамаглахын аргагүй зүйлсүүд гарч ирсэн. Үүн дээр нэг л зүйл баттай тогтвортой байна. Тэр нь байгалийн хууль. Байгалийн ерөнхий зүй тогтол хэзээ ч өөрчлөгдөхгүй. Нийгмийн том онолчдын том төөрөгдөл нь хүний нийгмийг байгалийн хууль зүйгээс ангилж үздэгт асуудал байгаа юм. Том утгаараа хүн төрөлхтний нийгмийн хөгжил байгалийн хууль дотор л өрнөнө. Тухайн үйл явц дотор хувьсгал, сүйрэл уналт нийгэм дотор болж байгаа прецессийн өрнөл байгаа боловч ерөнхий том талбар нь байгалийн жам ёс. Үүнийг том сэтгэгчид харж хэлж л байна. Үүүнийг л хайгаад эрээд уран бүтээлдээ тусгаад байгаа юм. Бид энэ эрж хайж олсон зарим нэг баталгаатай зүйлсээ уран бүтээлдээ тусгаж байна. Системчлэх ёстой. Системчилсэн юмаа төрийн оршихуйн онол болгоно. Түүнийгээ ялангуяа над шиг уран бүтээлч хүн уран бүтээлийн амьд хэрэглэгдэхүүн болгоно л гэсэн үг.
-Тэгвэл уран зохиолыг та зэвсэг болгон ашиглаж байгаа юм байна? Уран бүтээл туурвихын сайн сайхан зүйл нь юу юм. Жаргал зовлон нь юу юм бэ?
-Хийж байхад жаргал нь байна хийсний дараа зовлон нь байна. Гэхдээ аль аль нь л ээлжилдэг. Мухардах, арга барагдах, бичих гэсэн юм аа яаж илэрхийлэх эвээ олохгүй байх гээд зовлон бий. Халшраад зугтаамаар болох үе байна. Нэг зохиолч зарцаараа өөрийгөө сандал дээр хүлүүлж, хөл доороо хүйтэн устай хувин тавьж байж бичдэг байсан гэж. Зарим тохиолдолд хүлээд өгөөсэй гэмээр тохиолдол гардаг. Зарим үед өөрийн эрхгүй урсаад татагдах ч үе байна. Тэр нь өөрөө уран бүтээлчийн жаргал зовлон. Заримдаа уйлна, бархирна, бүр зүрх өвдөөд долоогонын хандыг ар араас нь их ууснаар нойр булчирхайгаа цочроосон ч тохиолдол байгаа. Энэ бас л уран бүтээлчийн туулдаг л зүйл. Зохиолч зүрх сэтгэлээрээ мэдэрч зовж шаналсан зүйлийг тэр хэмжээнд хүмүүс хүлээж авахыг харах сайхан. Уран бүтээлчид жаахан эмзэг талдаа хүмүүс. Эмзэг байж амьдралын нарийн ширийн анзаарагддаггүй зүйлсийг соргог мэдэрдэг. Соргог мэдэрч байж илүү хүчтэй илэрхийлж байгаа юм. Түүнээс биш гөлийсөн, стандарт хүмүүс хэзээ ч уран бүтээлч байдаг. Уран бүтээлч хүмүүсийг солиотой, шизотой гэж ярьдаг нь ч тийм учиртай. Мэдрэмж нь өрөө тухайн хүнийг солиотой, шизотой ч юм шиг болгочихоод байгаа юм. Ердийн энгийн зүйлийг энгийн бишээр хүлээж аваад хүчтэй илэрхийлэх гэж үздэг. Энэ нь нэг талын сайхан зүйл мэт боловч зовлонтой эмгэнэлт хувь тавилан байхгүй юу. Олон уран бүтээлчид эмгэнэлт тавилангийнхаа золиос болсон түүх бий. Тэр зүйлээ даван туулахад л их асуудал байгаа.
-Инээдтэй асуулт байж болох ч олон хүн энэ зүйл дээр маргадаг. Мэдрэмжтэй байж бичдэг үү? Мэдлэгтэй байж бичдэг үү?
-Хослохгүй бол болохгүй. Ганц мэдрэмжээр бичээд хол явахгүй. Сайхан сэтгэл морь биш түүнийг унаад хол явдаггүй. Өөрөөр хэлбэл сэтгэл мэдрэмж гэдэг жолоогүй. Тэрийг ухаанаар залж, мэдлэгээр чимэх ёстой. Мэдлэгээр биежүүлэх ёстой. Дан мэдрэмжээр бол явна л даа. Гүн гүнзгий мэдрэмж гэдэг урлагийн гол амин сүнс. Гэхдээ дангаараа хол явахгүй. Хүүрнэл зохиолд тэр тусмаа. Роман гэдэг ертөнцийг үзэх үзэл санааны цогц философи үр дүн, үр хөврөл байдаг. Мэдрэмж нь байгаад ухаан мэдлэг хоёр дутвал сайн уран бүтээл гарна гэдэгт би эргэлзэж байна. Сайн морь байж болно. Жолоогүй тавьчих юм бол хад руу ч нисэж үхэж мэднэ. Мэдээлэлжсэн энэ нийгэмд мэдлэгийн дутуугаар уран бүтээлд ороод амжилт гаргахгүй.
-Та ер нь шүлэг бичиж байв уу? Үргэлжилсэн үгийн ном л байх юм?
-Миний хамгийн их бичсэн юм шүлэг шүү дээ. Ном болгоогүй л болохоос.
-Д.Оюунчимэг зохиолч таны гэргий. Анх яаж танилцав. Хоёр зохиолч нэг гэрт байх хэцүү биш үү?
-Оюутны нэг ангийн хоёр. Нэг сургуульд байж байгаад л танилцсан.
- Та зүүд, зөн совинд хэр итгэдэг вэ?
-Итгэлгүй яах вэ. Зөн совингоо зөв тайлж зөв л мэдрэх асуудал байна. Зөн совин үнэхээр байдаг. Шинжлэх ухаан хүлээн зөвшөөрөхгүй. Мэргэн төлөгчид нь дундуур нь хутгаад жинхэнэ зөн совин билэгт чанд ертөнц байдаг гэдэг чанарыг унагаачихдаг. Хэдий чинээ асуудал бүдэг байна түүний наагуур тоглолт хийдэг хүмүүс олон гарч ирнэ. Чанд ертөнцийн зүйл байхгүй биш. Харин ч хүн төрөлхтөн илүү болгоомжтой, хянамгай харах ёстой. Хүн төрөлхтөн их ядуу шүү дээ. Ганцхан цагийн урсгал дээр амьдардаг. Өчигдөр, өнөөдөр, ирээдүй гэсэн урсгал. Энийгээ төгс гэж боддог. Өөр цагийн урсгал байх боломжгүй гэж боддог. Гэтэл ертөнцөд хэдэн ч цагийн урсгал байж болно. Орчин цагийн физикийн ШУ үгүйсгэхгүй. Цаг хугацаа дөрөвхөн хэмжээстэд оршиж буй мэт боловч дээшээ хэд ч байгаа.Тэр оршихуй дотор зөн билэг, бидний дааж ядаад байгаа тэр зүйлс ердийн л зүйл болж таарсан. Байж болно гэсэн үг. Шоргоолж хүний гутлын 10000-ны нэгийг хардаг байлаа гэж бодъё тэр шоргоолж тэр хэсгээ харчихаад намайг бүрэн төсөөлөх бололцоогүй. Түүнтэй адил ганц урсгал, гуравхан хэмжээст оршихуйтай байгаа хүмүүс бид зөвхөн өөрийн хэмжээсээр тодорхойлж мухар сохор хандлагатай байна.
Нэг талд нь бодлогогүй итгэдэг хүмүүс, нөгөө талд нь байхгүй гэж үздэг ШУ гэж ойлгуулдаг хэсэг байна. Дүндээ дүн л хүмүүс байхгүй юу. Гэтэл цаана нь агуу том ертөнц байгаа. Бид нарын ойлгодог физик ертөнц нийт ертөнцийн зургаан хувь. Цаад талд нь 90 гаруй хувь нь мэдэгдэхгүй. Хамгийн сонирхолтой нь ертөнц үй түмэн сэжмээр шүтэн барилдсан нэг том амьтай зүйл байна гэж ойлгоод байгаа юм. Нэг цул нэг амьтай юм бол зөн билэг гэсэн дохио байж л таараа. Ирээдүйд ч гэсэн ирээдүй гэсэн зөн байна гэсэн үг.
-Та түрүүн Монгол хүний мөн чанарыг хайгаад явлаа гэсэн. Бэхи хүү гэсэн баримтад кино хийсэн. Үүнтэй холбоотой юу.
-Энэ бол Монгол соёлын нэг өвөрмөц тал л юм. Тэрүүгээр Монгол ахуйг бүрэн тодорхойлохгүй. Зөвхөн нэг хэлтэрхий нь. Монгол ахуй гэдэг өөрөө байгаль ертөнцийг танин мэдсэн илүү гүн гүнзгий бөгөөд ул суурьтай танин мэдэхүй байдаг юм байна гэж л ойлгосон. Тэрийг тайлбарлавал их цаг орно. Яагаад гэвэл шинжлэх ухааны ойлголттой холбож ярихгүй бол захын ШУ мэдлэгтэй хүнд ч няцаагдаж болохоор зүйл. Монгол танин мэдэхүй гэдэг байгалийн суурь хуулийн мөн чанар. Тэрийг л танин мэдсэн нь өөрөө танин мэдэхүй. Монголчууд өөрсдөө илүү байгальтай ойр, бясалгагч илүү ажигч шинж чанарыг төлөвшүүлсэн. Монголчууд шиг олон хорио цээртэй улс орон байхгүй. Тэр хорио цээр нь мухар сүсэг догматизм биш. Агуу үнэмлэхүй суурь хүчийг танин мэдсэн нийцэж амьдрах ёстой гэсэн ухаарал. Түүнийгээ код болгон үлдээсэн зүйл.
-Цагаан бороо номд Хятадууд Монголчуудад их харгис хандаж буй талаар бичсэн байсан. Энэ хэр үнэмшилтэй зүйл вэ?
- Үнэн. Өшөө илүүг бичвэл бичих байсан. Нэгдүгээрт зүрх халираад бичээгүй. Бүгдийг нь бичих юм бол Хятадын муу муухайг уудалсан цэвэр расист, үндэсний ялгаварлан гадуурхалтыг нэвт ханхлуулсан зохиол болж хувирна. Маш олон баримтыг дутуу орхисон.
-Расист байх нь тусдаа асуудал. Гэхдээ зүрх халираад бичиж чадаагүй гэх шалтгаан уран бүтээлч хүнд байх ёстой юу?
-Би уран зохиол бичиж байгаа хүн. Бусдаар Хятадын муу муухайг уудалсан нэг сэдэвт зохиол бичээгүй. Хэрвээ нэг сэдэвт уран зохиол бичиж байгаа бол өөр. Миний зорилго ч өөр. Тодорхой юмны тодорхой хэсгийг нь авч ашиглахаас биш эрдмийн зэрэг хийх гэж байгаа биш.
-Ярилцлагын төгсгөлд бид яавал оюун санааны мухардлаас гарах талаар санаа, оноогоо хуваалцаач?
-1990 он гарснаас хойш бид нэг зүйлийг хаячихсан юм. Гоо зүй гэдэг ойлголтыг хаясан. Тулгуур ойлголтыг нь их дээд сургуульд заахаа ч больсон. Урлагийн гол суурь нь гоо зүй. Юуг сайхан, муухай гэдгээ ялгахаа байсан. Огт өөр суурин дээр суурилсан барууны үзэл суртлыг манай урлагийн суурин дээр оруулж ирээд хүчээр хэрэгжүүлж байгаа нь манайх шиг өвөрмөц /зөвхөн ахуйн хүрээний асуудал биш, геополитикийн асуудал хамаарна/ онцлогтой үндэстний хувьд хамаагүй даган дуурайж алга таших нь сайн зүйл биш. Хүн ямар ч сайн сайхан зүйлд татагддаг. Оюуны элит түвшинд сайн болоод сайхныг хүлээж авдаг нь ч байна. Байгалийн хууль шиг зарчим хууль гэж харах хэрэгтэй. Тэрийг мэдэхгүйгээс болж манай үндэстэн сэрж мэдрэхээ больж юуг эрхэмлэх, үл таашаахаа ойлгож чадахаа байж доройтсон. Хэрвээ энэ янзаараа явбал шүү. Тэрийгээ л манайх шиг үндэстэн авч үлдэх хэрэгтэй. Тэгж байж цул нягт үндэсний сэргэн мандалт бий болдог. Үндэсний сэргэн мандалт гэж эдийн засгийн агуулга биш оюун санааны сэргэн мандалт байх хэрэгтэй. Ялангуяа залуучуудын хувьд оюун санааны хувьд өөрчлөлтөд орж хүчтэй сэргэж, сайн сайхан зүйлд тэмүүлж, илүү итгэж үнэмшиж байж жинхэнэ сэргэн мандалт бий болно. Түүнээс идэх хоол, байр, приүс машин лизингдэхийн төлөө зүтгээд гүйгээд байвал үндэстэн хэзээ ч сэргэхгүй. Дарлуулсаар байгаад таарна. Тэгэхээр гоо зүйн шинжлэх ухааны асуудлыг санаатай ч устгасан байж магадгүй. Зориуд оюун санааны үнэт зүйлгүй, эрхэмлэх зүйлгүй, ялцайсан, бариад авахын аргагүй сүрэг бий болох аюултай. Тиймээс эрт сэхээрэх л хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.