Монгол Улсын Засгийн газар 2016 онд Хөгжлийн банканд шалгалт хийсэн. Улмаар Засгийн газар хаалттай хэлэлцсэн хяналт шалгалтын Ажлын хэсгийн дүгнэлтийг нууцад оруулсныг нууцаас гаргах хүсэлтэй байгаагаа зарим гишүүд Ерөнхий сайдад уламжлаад байгаа юм.
Уг асуудлыг яагаад улсын нууцад оруулсан, улсын нууцаас гаргах боломжтой эсэх талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. Тэрбээр "Тэр шалгалт болон сүүлд Монголбанкнаас хийсэн шалгалтын материал бас нууцын зэрэглэлд бий. Одоо нууцлаад байх зүйл байхгүй болов уу. Албан ёсоор нууцын зэрэглэлээс гаргах хүсэлт даалгавар ирээгүй. Хэрвээ хүсэлт ирвэл хуулийн дагуу явуулахад бэлэн. Өнгөрсөн 4 жил Хөгжлийн банкны тухай хуульд Төв банк шалгалт хийнэ гэх дэвшилттэй заалт орж ирсэн. Тэрнээс өмнө Засгийн газар өөрөө өөрийгөө шалгадаг утгагүй асуудал байсан. Одоо Төв банк шалгалт байгаа нь шалгалтын ажилд сайнаар нөлөөлж, үр дүн гарч байна. Өнөөдрийн байдлаар 49.8 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн. Гэвч сүүлийн 7 хоногт зогсонги байдалтай байна. Тиймээс эрчимжүүлэх үүрэг даалгаврыг Хөгжлийн банканд өгсөн" гэлээ.