Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОХИРОГЧ М: Толгой дээр дөнгөж барменаас авсан халуун кофегоо асгачихаад цагдаагаа дуудаарай, би 100 мянган төгрөгөөр л торгуулна гэсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 55 секунд

Өчигдөр буюу 2022.03.01-ний өдөр олон нийтийн цахим сүлжээнд өсвөр насны хүүхдүүд муудалцаж, нэгнийхээ толгой дээр халуун кофе асгасан бичлэг цацагдсан. Үүний дагуу хохирогч М болон хохирогчийн аав Э-тэй товчхон ярилцлаа. /тэд нэрээ хэлж, зургаа нийтлүүлэхээс татгалзав/

-Өчигдөр яг юу болсон бэ. Болсон үйл явдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

Хохирогч: Өчигдөр 15.00 цагийн үед "Tom N Toms" кофе шопын салбарт би хоёр найзтайгаа кофе уугаад сууж байсан юм. Гэтэл нэг эмэгтэй ирээд намайг “Чи яагаад над руу муухай хараад байгаа юм бэ” гэсэн. Би тэр хүнийг огт танихгүй тул тэр хүн рүү муухай харах ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Би өөр рүү чинь хараагүй ээ гэтэл намайг өшиглөөд, би чиний дээрээс кофе асгачих уу гэсэн. Хариу үг, үйлдэл үзүүлээгүй байхад миний толгой дээрээс дөнгөж барменаас авсан халуун кофегоо асгачихсан. Тэгээд цаашаа яваад өгсөн.

-Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн үү?

-Тийм. Би цагдаагийн байгууллагын 102 дугаар утсанд хандаж дуудлага, мэдээлэл өгсөн. Тэр эмэгтэй явахдаа “Цагдаагаа ирвэл над руу залгаарай” гээд утасныхаа дугаарыг үлдээчхээд явсан. Дуудлагын дагуу хоёр алба хаагч ирэхэд тэр эмэгтэй явчихсан байсан тул Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба хаагчид утасны дугаар руу нь холбогдож шалгаж байгаа.

-Та цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн үү?

-Тухайн үед миний толгой дээр маш халуун кофе асгасан тул түлэгдээд хорсоод байсан. Тиймээс би эмнэлэгт үзүүлчхээд ирэх хүсэлтийг дуудлага, мэдээллийн дагуу ирсэн цагдаагийн алба хаагч нарт тавьсан. Тэд намайг эмнэлэгт үзүүлчхээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирээрэй гэсэн. Тэгээд тэд намайг түлсэн эгчийг авахаар явсан.

-Та хэдэн настай вэ. Нөгөө эмэгтэйн насыг мэдсэн үү?

-Би 18 настай. Миний толгой дээр кофе асгадаг эмэгтэй 22 настай юм байна лээ. Намайг мэдүүлэг өгөх гээд очиход тэр эгч мэдүүлгээ өгчхөөд гараад явж байсан. Бид хоёр цагдаагийн хэлтсийн нэг давхарт таарсан. Тэр үед миний утасны дугаарыг авсан.

-Тантай холбогдсон уу?

-Намайг мэдүүлэг өгчхөөд гарч ирсний дараа “Чи өргөдлөө буцаачих. Би гомдлыг чинь бүрэн барагдуулна. Би сая наана чинь бас цагдаатай асуудал үүсчихлээ” гэсэн. Би өргөдлөө буцаахгүй гэж хэлсэн.

-Цагдаатай асуудал үүссэн гэдэг нь ямар асуудал юм бол оо?

Хохирогчийн аав: Цахим орчинд цагдаагийн алба хаагч бусдын биед халдаж, зүй бус харьцлаа гэх бичлэг яваад байгаа. Тэр бичлэг дээрх эмэгтэй миний охины толгой дээр халуун кофе асгасан хүүхэд байна лээ. Тэр цагдаатай асуудал үүсгэж байгаа бичлэгийг би хараад өөрөө буруу зүйл хийчхээд түүндээ гэмшихгүй өөрийг бусдаар өрөвдүүлэх гэсэн оролдлого мэт харагдаж байгаа. Учир нь бичлэгээ “Бага насны хүүхдийн гэмт хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөх гээд цагдаагийн байгууллагад иртэл биед халдлаа” гэх утгатай цахим орчинд байршуулсан байна лээ. Тэр эмэгтэй гэрчээр мэдүүлэг өгөхөөр биш миний охины толгой дээр халуун кофе санаатайгаар асгаж, гоо сайханд нь халдсан хэрэгт шалгагдаж байгаа. Би охиноо шүүх эмнэлэг үзүүлсэн. Энэ асуудалд маш их гомдолтой байгаа. Хүнээс яахаараа ийм харгис үйлдэл гардаг байна гэж бодож байна. Тэр хүүхэд миний охиныг гэмтээчхээд манай аав прокурор энэ бол асуудал биш. Тэр цагдаагаа дуудаарай би 100к торгуулчхаад л гараад ирнэ гэж хэлсэн байна лээ. Би тэр прокурор гэсэн аавтай нь мөн уулзаж шалгуулах хүсэлтэй байгаа.

/Сануулахад, халуун кофе асгасан эмэгтэйн аав нь прокурор биш өмгөөлөгч Г.Батбаяр юм/

Францын шилдэг жүдочид Монголд ирлээ
Францын шилдэг жүдочид Монголд ирлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.