Цагдаагийн ерөнхий газраас улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээг хүргэлээ.
Цагдаагийн байгууллага 2020 оны нэгдүгээр улиралд иргэд, байгууллагаас 135.845 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.
2020 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн 8003 гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй 9905 харьцуулбал 19.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн хэмжээнд 5260 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 21.1 хувиар, орон нутгийн хэмжээнд 2735 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 14.8 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна. Нийт гэмт хэргийн 65.7 хувь нь Улаанбаатар хотод, 34.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өмчлөх эрхийн эсрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь нийт гэмт хэргийн 85.6 хувийг эзэлж байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл хүнийг алах гэмт хэрэг 15.4 хувиар, халаасны хулгайн гэмт хэрэг 41.9 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 39.8 хувиар, залилах гэмт хэрэг 14.6 хувиар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 11 хувиар тус тус буурсан байна.
Харин хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 19.2 хувиар, хууль бусаар ан агнах гэмт хэрэг 81 хувиар, цахим мэдээллийн аюулгүй байдлын гэмт хэрэг 2.1 дахин өссөн үзүүлэлттэй байна.
2020 оны нэгдүгээр улиралд гэмт хэргийн улмаас 7762 иргэн, 20 хуулийн этгээд хохирч үүнээс 261 иргэн нас барж, 2006 хүн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүн 30.4 хувиар, гэмтсэн хүн 9.4 хувиар тус тус буурчээ.