Украинд байгаа монгол иргэдийг эх орондоо ирэхэд нь ГХЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ хамтран туслах ажлыг яаралтай зохион байгуулахыг үүрэг болгосноо Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв.
Украин улс өнөөдрийн байдлаар онц байдал зарлаад байгаа бөгөөд цаашдаа цаг үеийн нөхцөл байдал улам хүндрэх магадлалтай байгаа аж. Тиймээс өчигдөр буюу энэ сарын 23-нд Гадаад харилцааны сайдтай уулзаж, дээрх үүргийг өгсөн гэдгийг тэрбээр онцолсон юм.
Тус улсад манай улсын 90 орчим иргэн байгаагаас 22 нь Украин Улсад байнга оршин суудаг бол 68 нь оюутан аж. Оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж, эх орондоо ирсэн буюу ирэх замдаа яваа гэдгийг ГХЯ энэ сарын 22-нд мэдээлж байв.