Дотоодод омикрон хувилбарын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлж хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэх шийдвэрээ Засгийн газар эргэн харж, өнгөрөгч Даваа гарагаас танхимын сургалтыг эхлүүлсэн. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж сургалтын хувьд хоцрогдол ихтэй байсан боловсролын салбарт таатай нөхцөл байдал гэж хэлж болно. Гэвч сургууль, цэцэрлэг эхлэхтэй зэрэгцэн нийслэлд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, Улаанбаатарчууд түгжрэлийн асуудалтайгаа дахиад л нүүр туллаа.
Хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн өглөө зам тээврийн 110 осол гарав
Даваа гарагийн өглөө хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн ачаалал эрс нэмэгдсэн нь илт ажиглагдав. Үүний хэрээр зам тээврийн ослын тоо ч нэмэгдсэн тоон үзүүлэлтийг ТЦА-наас танилцуулсан юм. Тодруулбал, хоёрдугаар сарын 14 буюу танхимын сургалтын эхний өглөө л гэхэд зам тээврийн ослын 110 дуудлага ирсэн аж. Иймдээ ч цагдаагийн алба хаагчид замын уулзвар бүрт байрлаж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан юм.
ТЦА: Нийслэлд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо 10-20 хувиар нэмэгдсэн
Монгол Улсад 1 сая 400 мянган жолооч бий. Үүнтэй холбогдуулан энэ хэмжээний тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүний 500-600 мянга орчим нь Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцдог байна. Тэгвэл эл өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал, эрчим хэр нэмэгдсэн талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхболдоос тодруулахад "Сургууль, цэцэрлэг амарсан байхад өдөрт дунджаар 300-400 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхэлснээс хойш 10-20 хувиар өссөн. Сургууль орчмын бүсэд хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Монгол Улсын замын хөдөлгөөний тухай хуулинд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар заасан байдаг. Иймд энэ өдрүүдэд эцэг, эхчүүд хүүхдийг харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мөн түүнчлэн жолооч нарын зүгээс сургууль орчмын бүсэд нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ бүү байрлуулаарай. Учир нь сургууль орчмын бүсэд нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулах нь 2 болон 3 дугаар эгнээнд яваа машинууд зогссон байгаа машины урдуур хүүхэд гарч ирэхийг харахгүй. Энэ байдлаас хүүхэд машинд мөргүүлэх осол нэлээдгүй их гардаг" гэлээ.
Д.Сумъяабазар: 2024 онд багтаан хөнгөн галт тэрэгний эхний туршилтыг хийх боломжтой
Нийслэлийнхэн энэ онд түгжрэлийн асуудалд анхаарал хандуулж ажиллахаар "сэтгэл шулуудсан". Ингэхдээ энэ онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт тусгасан. Зарим томоохон төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын талаас дэмжлэг үзүүлж, хамтарч оролцох болсон талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдээлсэн.
Тэрбээр "Айлчлалын үеэр хэлэлцсэн асуудалд Улаанбаатар хоттой холбоотой хоёр том төслийг багтаасан нь олзуурхууштай хэрэг. Эхний төсөл нь Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ хэлбэрийн нийтийн тээвэр бий болгох тухай асуудал байлаа. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT-ийг гүүрэн байгууламж хэлбэрээр барьж байгуулах шийдлийг гаргасан. Энэхүү хөнгөн галт тэрэг байгуулах төслийн хүрээнд таван жилийн хугацаанд гурван чиглэлд 50 км орчим үргэлжлэх гүүрэн байгууламж байгуулахад БНХАУ-ын талаас, тэр дундаа Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос онцгой анхаарч, бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн" гэсэн юм. Түүнчлэн "2024 ондоо багтаан хөнгөн галт тэрэгний эхний туршилтыг хийх боломжтой. Мөн хурдны замын ажлуудыг эхлүүлнэ. Туулын хурдны замын ТЭЗҮ, ажлын зураг нь хийгдчихсэн, бэлэн байгаа төслийн нэг. Тэгэхээр таван жилийн дотор тус хоёр төслийг багтаан хийх саналыг БНХАУ-д албан ёсоор тавьсан" гэв.