Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилготой "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн тус банканд хийж буй хяналт шалгалтын ажлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2017 онд шинэчилсэн найруулга дээр өөрчлөлт орж бусад банкуудын адил шалгах эрхтэй болж өнөөдрийг хүртэл ажилласаар ирлээ. 2021 оны 11 дүгээр сард Хөгжлийн банканд ээлжит шалгалт хийсэн. 2018 онд мөн иж бүрэн шалгалт хийж байсан. Тухайн үед зөрчлүүд илэрсэн. Шалгалтаар Хөгжлийн банк өөрсдийн эх үүсвэрийн тал дээр валютын ханшийн доголдолд орсон. Хамгийн гол асуудал нь "Самурай" бондоор иенийн санхүүжилт авсан нь асар их нөлөөлсөн. Хууль хүчний байгууллага дээр нөхцөл байдлууд шалгагдаад явж байгаа болов уу гэж харж байна.
2021 оны 12 дугаар сарын сүүлийн өдрийн байдлаар 4 их наядын активтай байсан. Үүнийг дотор нь задлаад үзвэл, чөлөөт мөнгөн эх үүсвэр нь 703 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалт талдаа 356 тэрбум төгрөг, зээлийн өрийн үлдэгдэл цэвэр дүнгээр 2.1 их наяд, нийт дүн нь 2.6 их наяд төгрөг гэсэн зээлийн багцтай үйл ажиллагаа явуулж байсан. Мөн харилцах дансанд 14 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Гаднаас бондын эх үүсвэр татдаг учир хадгаламжийн дансыг төдийлөн ашигладаггүй байсан. Банкны хамгийн том үзүүлэлт болсон өр хөрөнгийн үзүүлэлт нь 995 тэрбум төгрөг байна" гэв.