Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөгжлийн банкнаас зээл авсан луйварчдад нэг удаагийн тусгай хууль гаргаж яллах ёстой“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 42 секунд

16.30 цаг

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилготой "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Хэлэлцүүлгийн төгсгөлд зохион байгуулагч Сэтгүүлч Н.Өнөрцэцэг үг хэллээ.

Тэрбээр "Өнөөдрийн иймэрхүү хэлэлцүүлэг анх удаа болж байгаа гэж бодож байна. Тийм учраас алдаа, оноо байсан байх. Хүрэлцэн ирсэн хүмүүст баярлалаа.

Хэлэлцүүлгийн туршид хүмүүсийн хэлсэн үг бүр тэмдэглэгдэн үлдсэн. Энэ үеэр хэнээс ямар санал гарсан талаар шүүгээд, давхардсан саналуудыг нэгтгээд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Өнөөдрийн хэлэлцүүлэг хий хоосон хэрүүл бус, эндээс үр дүн гартал сурвалжилна. Таван цаг үргэлжилсэн хэлэлцүүлэг өндөрлөж байна. Бид үр дүнгийн талаар эргэн мэдээлэх болно" гэв.

14.20 цаг

Иргэн Д.Энхбат "Хөгжлийн банкны алдагдсан мөнгийг бид буцааж авч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Тиймээс Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүсийг яллах ёстой. Харин үнэнч, шударгаар зээл авсан компаниуд хэлмэгдэж болохгүй. Нөгөө талаас барьцаагүйгээр хулгайн сэдлээр авсан хүмүүсээ ялгах хэрэгтэй. УИХ-ын гишүүд энэ луйварчдад зориулж нэг удаагийн хуулийг яаралтай горимоор гарга. Хөгжлийн банкны луйвартай холбоотой асуудлуудыг шийдэх нэг удаагийн хуулийг маргааш санаачил. Энэ хүмүүсийн мөнгийг хураагаад шорон руу ач. Бүгд мөнгөө бариад гүйлдээд ирэх болно" гэв.

14.00 цаг

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Дэлхий даяар маш олон хөгжлийн банк байдаг ба тэдгээрийн 50 хувь нь дампуурсан. Улс төрчид нь оролцсон тохиолдолд бүгд дампуурсан. Сингапур, Энэтхэг, БНСУ, Хятадын хөгжлийн банкууд дампуураагүй. Энэ бүгдийг Японы хөгжлийн банк хийж өгсөн. Менежментийн багаар нь япончууд ажилладаг. Японы хөгжлийн банк өнөөдөр 100 хувь хувийн хэвшилд шилжсэн.

Хөгжлийн банк байх ёстой. Улс төрөөс хамааралгүйгээр менежментийн багийг ажиллуулах хэрэгтэй" гэв.

13.30 цаг

БНН-ын дарга Б.Жаргалсайхан "Манай улс орон сайнтай, муутайгаа явж байж л нэг талд гарна. ОХУ, БНХАУ-ын эдийн засаг дампуурлын ирмэг дээр ирчихсэн байна. Хүмүүс бусдыг муу хэлэхдээ их дуртай. Бүгд л тансаглалаа, архи уулаа өдөр шөнөгүй найр хийлээ.

Одон гавьяат хоёроороо манай улс хамгийн шилдэг улсуудын нэг болох ёстой байлаа. Гэтэл бид ёс суртахуунгүй нийгэмд амьдарсны нэг үр дагавар нь Хөгжлийн банк. Өшөө бусад банкнууд ч гэсэн ярихгүй л байгаа болохоос бүгд л ард нь зогсож байгаа" гэв.

13.00 цаг

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүс бүгд эрх мэдэлтэй, цаанаа том хүнтэй. Сэтгүүлчид ямар санхүүжилтээр ийм зүйл хийж байгааг мэдэхгүй ч зохион байгуулж байгаа нь маш сайн. Хууль ёсны АН-ыг ажил хийлгэх боломжийг сүүлийн 3-4 жил ер олгохгүй байгаа. Хэрэв надтай холбоотой ямар нэгэн хэрэг яригдвал би шалгуулъя. УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр татгалзаад явахад бэлэн. Энэ соёлыг бий болгоё гэж бусад гишүүддээ уриалж байна.

Мөнгө тараасан тухайд би хувийн мөнгөнөөсөө тараасан. Энэ жил ямар ч хууль зөрчөөгүй. Нөгөө талаас энэ жил сонгууль болохгүй. Би мөнгөнийхээ эх үүсвэрийг тайлбарлахад бэлэн" гэв.

12.20 цаг

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд "Олон улсын индексээр Монгол Улс хамгийн өндөр авлигалтай улсаар шалгарчихлаа. Хараат бус шүүх алдагдсанаараа 100 гаруй байранд явж байна. 2015 оны дүн шинжилгээ нь гарчихаад байхад хууль хяналтын байгууллага яагаад ажлаа хийдэггүй юм. Хөгжлийн банкнаас зээл авсан эрх мэдэл албан тушаалтай хүмүүсийн тавиулууд нь ажилладаг болохоор тэр шүү дээ.

Л.Энх-Амгалан гишүүний тайлан дээр бондлын мөнгө хоёрхон банкан дээр төвлөрдөг гэж дурдагдлаа. Илт байгаа хулгай дээрмийг илрүүлдэггүй нь сонин. Монгол банк нь дипломат байдлаар хандаж байна. Шуудхан хэлэхэд, Монгол банк Голомт банк, ХХБ хоёрын охин компанийн үүргийг гүйцэтгэдэг. Монгол Улсын эдийн засгийг Хаан банк тэргүүтэй банкууд жинхэнэ дампууралд оруулж байна" гэв.

12.10 цаг

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "АН-ын засаглалын үед энэ Хөгжлийн банктай холбоотой асуудлууд эхэлсэн гэж зарим хүмүүс хэлж байна. Гэхдээ 2016-2022 он хүртэл төрийн эрх барьж байгаа эрх баригчдын үед Хөгжлийн банкнаас маш их хэмжээний зээлүүд гарсан" гэв.

11.50 цаг

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Өнөөдрийн үйл явдлаас болж шүүх хурал битгий болоосой. Хөгжлийн банкнаас зээл авсан зээлдэгч нарын хэн нь бүтээн байгуулагч вэ, хэн нь луйварчин бэ гэдгийг хууль, хяналтын байгууллага тогтооно. 2015 оноос хойш хийсэн шалгалтууд, үүнээс гарсан дүгнэлтүүдийг бид ажил хэрэг болгож чадсан бол өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхгүй байсан гэдгийг онцлон хэлье" гэв.

11.40 цаг

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Намын гишүүн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээлгэдэг боломжийг нээлттэй болгосон. Улс төрийн хариуцлага хүлээлгэвэл дараа дараагийн улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломж хаагдах нөхцөл бүрдэнэ.

Хоёрдугаарт, аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Хүний эрх, эрх чөлөөг бодох ёстой. Улс төрийн зорилгоор хэрэг үүсгэж, улс төрд орох боломжийг хааж болохгүй учраас түдгэлзүүлэх алхмыг авна. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасна. Намын гишүүнчлэлээс хасагдчихаад буцаад элсэх асуудал байхгүй. Насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана. Манай намын хувьд тэдгээр хүмүүсийг сумын иргэдийн хуралд ч нэр дэвшүүлэхгүй гэсэн үг. Намаас дэмжлэг авч, улс төрийн албан тушаал хашихгүй.

Үүний дүнд, улс төрийн эрх мэдэл төвлөрсөн цөөн хэсгийн эрх мэдлийг сарниулах үйл ажиллагааг бодитой ажил хийх шаардлага үүсэж байна. 76-хан гишүүн бүх эрх мэдлийг өөрсөн дээрээ төвлөрүүлээд үүнийгээ алдахгүйн төлөө хичээж ажилладаг. Эсвэл МАН, АН гэдэг хоёрхон нам эрх мэдлийг авчихаад бусад намуудыг оролцуулдаггүй, боломжийгнь хаадаг. Энэ байдлыг задалж, сарниулахын төлөө ажиллах болно" гэв.

11.30 цаг

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул "Манай банкинд Монголбанкнаас активын чанарын шалгалт оруулсны үндсэн дээр нийт 55 гаруй хувийн зээлийн актив чанаргүй болсон гэсэн албан ёсны дүгнэлт гарсан. Манай банкны зүгээс ирэх жил 800 орчим сая ам.долларын гадаад бондын эргэн төлөлт хийх ёстой болсон. Гэтэл талаас илүү зээлийн актив чанаргүй болсон. Энэ чигээрээ төлөгдөхгүй байвал бондын эргэн төлөлтөд тун хэцүү нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй.

Хөгжлийн банк нэгдүгээр сарын сүүлээр зээлдэгч нарын мэдээллийг ил болгосны дараа зээлийн эргэн төлөлт нэмэгдсэн. Тодруулбал, 39 тэрбумын эргэн төлөлт хийсэн байна" гэв.

11.00 цаг

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг эхэллээ. Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь Хөгжлийн банкнаас зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардаж, цаашид тус банкыг үндсэн чиг үүргээр ажиллуулахад улстөрчдийн нөлөөллөөс яаж ангид байлгах вэ гэдэгт салбар салбарын төлөөллүүд гарц, шийдэл эрэлхийлэхэд оршино.

“Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэгт дараах салбарын төлөөллүүд оролцоно.

- Хөгжлийн банкны захирал Н.Мандуул

-Монгол банкны удирдлагууд

-Сангийн яам

-УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг

-Хууль зүй, дотоод хэргийн яам

-Авлигатай тэмцэх газар

-Монгол ардын нам

-Ардчилсан нам

-Хөдөлмөрийн үндэсний нам

-Бүгд найрамдах нам

-Үнэн ба Зөв нам зэрэг бусад улс төрийн намуудын төлөөлөл

-Худалдаа аж үйлдвэрийн танхим

-Баялаг бүтээгчдийн холбоо

-Зээл авсан ААН-үүдийн төлөөлөл

-Эдийн засагчид

-Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд

-Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.

АН-ыг хэн ч төлөөлөхгүй болсноор дараагийн сонгуульд орохгүй байх нөхцөл үүслээ
АН-ыг хэн ч төлөөлөхгүй болсноор дараагийн сонгуульд орохгүй байх нөхцөл үүслээ
 
ШУУД: Ой хоёр сартай хүүхэд зөвшөөрөлгүй өдөр өнжүүлэх төвд нас барсан асуудлаар ар гэрээс нь мэдээлэл хийж байна
ШУУД: Ой хоёр сартай хүүхэд зөвшөөрөлгүй өдөр өнжүүлэх төвд нас барсан асуудлаар ар гэрээс нь мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.