Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны хоёрдугаар сарын 10-нд болж Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэх асуудлыг хэлэлцээд бүртгэхгүй буцаасан. Учир нь тус намын дүрмээр нэмэлт өөрчлөлт оруулах эрх нь намын их хуралд бий. С.Эрдэнэ тэргүүтэй нөхөд үндэсний бодлогын хорооны тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулснаа дээд шүүхэд хүргүүлжээ. Өнгөрөгч 12-р сард "нөгөө талын" АН их хурлаа хийж улсын дээд шүүхэд О.Цогтгэрэлийг бүртгүүлэх хүсэлт гаргасан. Гэтэл намын их хурал нь хүчинтэй гэж үзсэн атлаа намын даргыг нь бүртгээгүй хачин шийд гарсан. Тэгвэл хоёр өдрийн өмнөх нийт шүүгчдийн хуралдаанаар АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байхгүй гэж нэмэлт шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна. Учир нь АН-ын дүрэм ёсоор бол намын дарга сонгуульд ялагдсан бол огцорсонд тооцно гэж тодорхой заасан учраас цаашид АН-ыг С.Эрдэнэ ч даргалахгүй гэх хачирхалтай шийд гарчээ. Өнгөрсөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнийг АН-ыг төлөөлөх эрхтэй гэж үзээд түүнийг нэр дэвшүүлсэн нь улс төрийн захиалгатай алхам гэсэн хардалт бараг нотлогдож байна. Одоо АН-ын дарга С.Эрдэнэ ч биш, О.Цогтгэрэл ч биш. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүн байхгүй. АН гэж эзэн биегүй хуулийн этгээдийн гэрчилгээ л үлдсэн гэсэн үг. Ийм байдлаар цаашдаа АН дараагийн сонгуульд оролцох боломжгүй болж байна. Жижиг шунал, хүүхэд шиг гомдол, явган амбицаа дарж хоорондоо хэл амаа олж нэг сувгаар дүрэм журам, дарга цэргийнхээ асуудлыг цэгцлэхгүй бол Монголын ардчилал жинхнээсээ мөхөх аюулд өртлөө. Одоо байгаа байдлаас нь харахад тэд ойлголцож, асуудлаа шийдэх найдлага алга.
Энэ зуур УИХ-д ганц суудалтай ХҮН-ынхан бид албан ёсоор хоёр дахь хүчин боллоо гэж сагсуурах ажээ. Ил далдаар эрх баригчидтай хуйвалдаж өмнөөс нь цэцэд өргөдөл барьж гүйдэг тэд тийм л сүрхий сөрөг хүчин юм бол хөгжлийн банкны асуудлаар дэлбэ акц хийж баймаар. Гэтэл таг. ОХУ, БНХАУ, Хойд солонгос зэрэг нэг нам албан болон албан бусаар ноёлсон улсуудад улс төрийг хаяа үзэх юмтай болгох үүрэгтэй, хамжлага жижиг намууд байдаг. АН-ыг жинхнээсээ арчиж, улс төрийн хоёр дахь намын орон зайд ХҮН мэтийн тоглоомын нам гаргаж ирээд Орос маягийн дектатур тогтоох эрсдэл үнэхээр бодит болж ирлээ.
Асуудлыг том зургаар нь харах чадвартай лидер АН-д үлдээгүй бололтой. Монголын улс төр өнөөдөр хүчтэй сөрөг хүчин, идеалогич улс төрчөөр дутаж байна. Ардчиллын мөн чанар, суурь зарчмыг гажуудуулсан олон шийдвэрийн эсрэг АН-ын үе үеийн лидерүүд хүчтэй тэмцэж ирсэн. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Х.Тэмүүжин, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Л.Гантөмөр, Д.Ганболд, Баабар, Д.Сосорбарам, М.Энхсайхан гэх мэт идеалогич гишүүн өнөөдөр үнэхээр дутагдаж байна. Парламент аж ахуй, авгайн хэрүүл, даамсаг, жорлон ярьдаг уйтгартай, чадвар мөхөс газар болон доройтож аюулгүй зөвлөлийн гишүүд нь тус бүртээ хүчтэй институти болон хувирч байна. Ардчиллын философи, суурь зарчим аргумент ярьдаг хүн УИХ-ын танхимд ганц нэгээс илүү гарахгүй боллоо.
Нийт 8 аймаг, 1 дүүрэг, 180 гаруй суманд ялалт байгуулсан, УИХ-д 12 гишүүнтэй АН хүчтэй сөрөг хүчин байх хангалттай боломж бий. Арван жилийн өмнөх ялалтын бялуун дээр муудалцсан хэрүүлээ одоо ч мартахгүй өсөрхдөг хэдэн дарга нар, эрх баригчидаас чав бадарлаж, хулгай худуугаараа барьцаалагдсан өчүүхэн хулгайч нар, "үеэ шилжүүлээчээ" гэж гомдоллохоос өөр юу ч хийж чаддаггүй залуучууд нь өөрсдөө л АН-ыг мөхөөж байна. Улс төрийн намын гол зорилго нь сонгуульд ялах, засаглах л байдаг. Өрсөлдөгчөө хэвтүүлж, өөрсдөө урт удаан засаглах нь МАН-ын буруутгах аргагүй зорилго. Тэдний тавьсан хавхнаас мултарч чадахгүй байгаа бол өөрсдөдөө л гомдох хэрэгтэй. "Эрх баригчид АН-ыг бүртгүүлэхгүй байна" ч гэх шиг хүүхэд шиг балай гомдол ярих хэрэг байхгүй.
Ялангуяа ах нартаа үг хэлж чаддаггүй, аяс харж, элгээ тэвэрсэн сул дорой АН-ын залуучууд үүнд их буруутай. "1990 оноос хойш МАН хэдэн үе солив. АН-ын хараацай нар хэвээрээ л байна" гэж дэмий гомдоллохын оронд үеийнхээ эрх ашгийн төлөө нэгдэж тэмц. "МАН-ын залуу үе дандаа ах нараа мөргөж гарч ирдэг" гэж Баабар чинь та нарт хэлээд л байна лээ.