Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.02.09/ боллоо. Хуралдаанаар коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэж буй юм. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг холбогдох албаныхан танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Төмөр замын харилцан нэвтрэлцэх солбилцлын цэгийг тохирох асуудлыг эцсийн байдлаар тохирлоо. Ингэснээр Гашуунсухайт, Ганцмодын боомт дээр солбилцлын цэгийг ашиглаж харилцан төмөр замыг нэвтрүүлэх, ачаа барааг шилжүүлэн ачих, ачиж буулгах терминалыг аль талдаа барих вэ гэдэг дараагийн шатны ажил руу орсон. Бид өөрсдийн зүгээс бэлдсэн бүхий л судалгаагаа хүргүүлсэн. Энэ талаар ярилцах уулзалтыг хоёрдугаар сарын 15-нд болгож өөрчилсөн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд энэхүү бүтээн байгуулалтын ажлыг энэ жилдээ шуурхай зохион байгуулах үүрэг чиглэлийг өгсөн.
Мөн Улаанбаатар хотын түгжрэлтэй холбоотой асуудлыг ярилцсан. Ингэхдээ хот дундуур явах 40-50 км явах баганат нийтийн тээврийн хэрэгсэл. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд 71 км-ийн хурдны тойрог замын бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа танилцуулсан. Энэхүү ажилд БНХАУ-аас оролцох арилжааны болон бусад эх үүсвэрийн талаар ярилцах саналыг тавьсан. БНХАУ-ын талаас тус хоёр төсөлд хоёуланд нь дэмжиж оролцохоо илэрхийлсэн" гэлээ.