Испанийн Засгийн газар “COVID-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд мөрдөж байсан гадаа талбайд амны хаалт зүүх журмыг ирэх долоо хоногоос цуцлахаар болсон талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Каролина Дариас баасан гарагт мэдэгджээ.
“Энэхүү саналыг ирэх мягмар гарагт болох Засгийн газрын хуралдаанаар баталж, пүрэв гаргаас хэрэгжинэ” гэж К.Дариас Испанийн “Cadena Ser” радиод мэдээлсэн байна.
Испанийн Засгийн газар гадаа талбайд амны хаалт зүүх журмыг 2021 оны зургаадугаар сард цуцалсан ч коронавирусний “омикрон” хувилбарын улмаас өвчлөл дахин нэмэгдэх үеэс буюу 12 дугаар сарын 23-ны өдрөөс дахин мөрдөж эхэлсэн юм.
Нэгдүгээр сард улсын хэмжээнд 100 мянган оршин суугч тутамд 14 хоногт бүртгэгдэх “COVID-19”-ийн өвчлөл 3400 давж байсан бол Эрүүл мэндийн яамнаас баасан гарагт танилцуулсан мэдээллээр 2299-д хүрч буурсан байна.
Мөн “COVID-19”-өөр халдварласан хүмүүс эрчим эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн 19.96 хувийг эзэлж буй нь сүүлийн нэг сарын хугацаанд анх удаа 20 хувиас доошилж буурсан үзүүлэлт болжээ.
Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, өвчлөл буурч байгааг халдварын тархвар зүйн үзүүлэлтүүд харуулж байгаагаас гадна зарим бүс нутгийн эрх баригчид гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцлахыг уриалах болсон байна.