Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Санаж сэдэх сэрэл

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 1 секунд

Хөлгүй их далайд ганц хөх халим хэзээ үхэхээ хүлээж буй мэт, манай улсын драмын театрт өрсөлдөөн үгүй мөхөл нүүрлэх нь гэх зовнилыг эдгээж буй цөөнгүй хэдэн чөлөөт театрууд урган гарч байгаад гүнээ талархаж байна. Сайнтай муутай нөхцөл байдлууд сүлэлдэн бий ч, оролдлого, тууштай байдал л эцэс сүүлд шалгаран үлдэх биз ээ.

Агуу их урлаг мэдрэмжээс мэдрэмжид шууд нөлөөлдөг шиг зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийн зохиол нь хүний мөн чанарын ил далд, хийгээд сэтгэлийн нарийн хялгасан судсуудыг ч хөндөж донсолгосон сайн зохиол гэж мэдрэгдсэн бөлгөө.

Харин “BEE” театрын уран бүтээлчдийн хүргэж буй жүжиг тавилтын хувьд сайн зохиолыг бараг л өөрчилж хөндөлгүйгээр тавьсан нь гайхаад зүйлгүй санагдав. Бертолт Брехтын хэв маягаар жүжигчдийн тоглолтыг тавьсан нь сайн хэрэг болсон. Хэрэв тэгээгүйсэн бол хоёр цаг гаран тасралтгүй уйлаан майлаанаар үзэгчдийн чихийг чилээж юуны магад.

Тайзны хөдөлгөөн, өрөлтийн хувьд цэгцтэй ойлгомжтой төвөггүй харагдаж байсан нь минимал театрын онцлог байв. Жүжгээс хамгийн их таалагдсан нь төгсгөлийн үзэгдэл- “нар жаргаж харанхуй биднийг нөмөрсөн ч , маргааш дахиад мандана аа гэсэн хөнгөн найдвар тээсэн” санааг шигтгэж өгсөн шийдэл төсөөлснөөс давж гарсан билээ.

Тайзны шийдлийн хувьд бодит минимал орчинд, бичигдсэн хийсвэр байдлыг бодит мэт шийдсэн нь театрт анх ороход л тааламж төрүүлсэн. Гэрэлтүүлэг, жүжгийн ерөнхий уур амьсгал, өнгө донж тун чиг мэдрэмжтэй тавигджээ гэж дүгнэгдсэн.

Жүжиг нээлтээ хийх өдрөөс нэг хоногийн л өмнө дэвсгэр ая хөгжмөө хам хум сонгосон юм болов уу гэлтэй их ядмагхан, мэдрэмжгүй нарийн уялдаа холбоог тооцоолон бодоогүй, зүгээр л ганц хоёр аяыг ээлжлэн давтан тавиад нь жүжгийг үзэхэд амтгүй санагдуулж байсан.

Мөн буудаж агнасан гөрөөсөө заавал чихмэл болгон дүйцүүлэн орлуулахаас өөр гарц олдоогүй юм гэж үү? Брехтийн онолоор жүжигчид жүжиглэлтийнхээ тоглолтыг гаргаж байсан нь эхлээд ер мэдрэгдээгүй. Сүүлд нэгтгээд бодоход дүрдээ орох гэхээсээ илүү ийм дүр шүү гэж үзэгчдэд тайлбарлаж, хүнийсэж байсныг нь ухаж ойлгосон.

Эмэгтэй гол дүрийн жүжигчний хоолой хэт тавилттай хуурмаг юм шиг, бүх л үйл явдлууд дээр тачаадах өнгө аясаар яваад байсан нь тухайн дүрийг дүр болгон үнэмшиж харахад саад учруулан эмэгтэйн хоолойг гайхаж жинхэнээсээ ийм юм гэж үү гэж бодоход хүргэсэн. Түүнчлэн үйлдлүүд нь цаанаасаа гарч байгаа юм шиг биш, төлөвлөж давтсан хөдөлгөөнүүдээ албадан хүчээр хийж буй мэт мэдрэмж төрсөн.

Эрэгтэй гол дүрийн жүжигчний хувьд хамтрагч дүрээсээ авч буй авалтууд сүүлдээ яг адилхан ялгамжгүй болсон нь “за одоо ийм өнгөөр хариулна” гэж үзэгчдээр байнга таалгууллаа. Гэхдээ хоёр жүжигчин хоёулаа энгийн ойлгомжтой, уран сайхны хэтрүүлэггүй жүжиглэсэн нь их сэтгэлд ойр мэдрэмж төрүүлсэн. Үзэгчидтэйгээ чөлөөтэй, шүүгчийн байр суурниас харилцаж байсан нь Брехтийн онолыг жүжигтээ зохимжлон хэрэглэсний тод сайн жишээ юм. Гэхдээ бүхэлдээ Брехтийн хэв маяг байсан уу? гэвэл эргэлзээтэй... Хэтэрхий сунжрах хандлагатай байсныг эс тооцвол тун дажгүй сайн тавилт, найруулгатай жүжиг болсон.

Харин эцэст нь хэлэхэд цаг үе өөрчлөгдөж байгааг уран бүтээлчид маань уран бүтээлдээ тусгамаар байна. Өнөөх л яг хэвээрээ шинэ санаа сэдэлгүйгээр уламжлалт аргаараа жүжгээ тавьсаар байх юм бол ирээдүйн залуус театрыг зорьж ирэх нь ховордох вий дээ. Бидэнд хурдацтай шинэ санаа, сэдэл, сэтгэл оюун ухамсрыг хүчтэй татахуйц онгод хөг аялгуу дутагдаж байгаа юм биш биз? Өнөөдөр 2022 он шүү дээ. Театрын агуу ариун их урлагийг урт наслуулахын тулд бид хэрхэн яаж хөдлөх хэрэгтэй вэ?...

СИТИ Их сургуулийн оюутан Б.Дэлгэрмаа

Танилц: Орон орны өвлийн олимпын хувцас
Танилц: Орон орны өвлийн олимпын хувцас
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.