Инновац, цахим бодлогын байнгын хорооны УИХ-ын 2021 оны намрын чуулганы үйл ажиллагааны тайлан мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Намрын чуулганаар хэлэлцэж баталсан чухал хуулиудын нэг бол Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль юм. Сүүлийн үед блокчэйн технологид суурилсан шинэ бүтээгдэхүүнүүд ихээр гарсан. Түүнтэй холбоотойгоор бид энэ хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулсан.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр койн болон энэ хэлбэрийн бүтээгдэхүүн гаргахад зөвхөн бүртгэгдсэн ААН-үүд энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй болж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хууль нь бүртгэлийн шинж чанартай юм. Хоёрдугаарт, ямар нэгэн байдлаар үйлчилгээ үзүүлж байгаа компани нь дотоод мэдээллээ ашиглан хууль бус арилжаа хийвэл эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх заалттай болсон. Мөн койны арилжаанд хууль бусаар оролцох, үнийн тогтолцоонд нөлөөлөх асуудал гарвал эрүүгийн хуулиар хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалттай болсон. Энэ хууль батлагдсанаар койн худалдаж авсан иргэдийг төр ямар нэгэн байдлаар хамгаалан даана гэсэн ойлголт байхгүй. Энэ бүтээгдэхүүнийг худалдаж авсан иргэд өөрсдөө эрсдлээ даах болно гэдгийг манай байнгын хорооноос болон УИХ-ын гишүүд мэдээлж байсан" гэв.