ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.01.19/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Оны өмнө PCR шинжилгээнд эерэг илрэх хувь 4-5 хувь байсан бол 50 хувь буюу 4 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Ажлын газар болон гэр бүлийн хүрээнээс халдвар авч буй тохиолдол нийт тохиолдлын 80-аас илүү хувь байна. Олон нийтийн газраар явахдаа халдвар авах эрсдэл байна гэх судалгаа гарсан. Иргэд үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих шаардлагатай.
Тохиолдлын тоо нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сарын эхээр оргил үедээ хүрнэ. Оргил үеэр уламжлалт цагаан сарын баяр давхцаж байгаа.
ХӨСҮТ-д хувилбарын тандалтын шинжилгээг хийдэг. Оны өмнөх шинжилгээгээр нийт батлагдаж буй тохиолдлын 1-3 хувьд омикрон хувилбар илэрч байсан бол он гарсаар эхний 7 хоногт 40-50 хувь болж ихэссэн. Хоёр дахь 7 хоногт 60-70 болж өссөн. Тэгвэл нэгдүгээр сарын 17-ны шинжилгээнээс харахад омикроны тархалт 90 хувьд хүрсэн байна" гэлээ.