УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Цаг уурын өөрчлөлт тариалан эрхлэгчдэд ихээр нөлөөж байна. Өнгөрсөн жил хүнсний ногоо тариалдаг сумдуудад асар их хэмжээний үер бууж, байгалийн гамшиг болсон. Үүнтэй холбогдуулан хохирлын нөхөн төлбөрийг хэрхэн шийдэх вэ" гэж асуув.
ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун "Хохирлуудыг гамшгийн тухай хуулиар зохицуулдаг. Энэ хуулиар хохирол учирсан ААН, иргэдэд нөхөн төлбөр олгодог журам бий. Энэ журам 2019 онд батлагдсан. 2017 оны гангийн нөхцөл байдлаас үүссэн ААН-үүдээс ирүүлсэн материалын дагуу хохирлыг барагдуулах гэсэн ч хараахан чадаагүй. Гамшиг гэж үзэх, эсэх талаар мэргэжлийн байгууллагууд олон дүгнэлт гаргадаг. Мөн өнгөрсөн жилийн үертэй холбоотойгоор хүнсний ногоочдод томоохон хохирол учирсан. Гамшиг болсныг нотлох зайлшгүй шаардлагатай байдаг. Нөхөн төлбөрийн асуудал их төвөгтэй юм билээ. ХХААХҮЯ-наас энэ асуудлаар тариаланчдад нөхөн төлбөр олгох эрх зүйн зохицуулалтгүй байдаг" гэлээ.