УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Үг хэлэх эрх чөлөөний" талаарх хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, "гүтгэх" гэх заалтыг авч хаясан. Үг хэлэх эрх, эрх чөлөө илүү нээлттэй боллоо гэж харж байсан боловч харамсалтай нь, МАН-ын Засгийн газар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдах гэх заалтыг оруулж, энэ заалтынхаа дагуу Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээрт зааснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол 100 мянган төгрөгөөр торгоно гэж заасан. Эдгээр заалтын үр дүнгээр зөвхөн цагдаа болон тагнуул Зөрчлийн хэрэг нээж, өөрсдөө торгоод явах заалтыг бий болгож, хууль батлагдсанаас хойш 600 орчим хүнийг торгосон байна.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх хүн бүрт байх ёстой. Иргэд өөрсдийнхөө эрх нь зөрчигдөж буй талаар үзэл бодлоо зайлшгүй илэрхийлж байх ёстой гэх зарчмын байр сууринаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31.1.1 дэх заалтыг авч хаях хуулийн төслийг өргөн барьсан. Бусдын нэр хүндэд халдлаа гэх асуудлыг иргэний болон Эрүүгийн хуулиар шийдэх бүрэн боломжтой.
Улс төрчид нэг зүйлийг анхаарах ёстой. Улс төрөөр явья гэж бодож байвал гүтгэх, доромжлуулах зүйлс үргэлж уяатай явна гэдгийг ойлгох хэрэгтэй. Улс төрч хүн гүтгүүлэх, доромжуулах замыг туулна гэж замыг нь сонгосон бол сэтгүүлч нарыг шүүхэд өгөх, Зөрчлийн тухай хуулиар амыг нь хаах зүйл байх ёсгүй" гэлээ.