Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж хоёр шинэ яамны удирдлага болон Төрийн нарийн бичгийн дарга нарыг түр хугацаагаар томилсон. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар болсон бол хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргаар Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нарыг түр томилсон.
ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ хоёр жил хүрэхгүй хугацаанд төрд ажилласан атал яамны ТНБД гэх өндөр албан тушаалд томилогдож байна гэж олон нийтийн эсэргүүцэж байгаа билээ.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өөрийн цахим хаягтаа "Засгийн газрын 2022.01.06-ны ээлжит бус хуралдаанаар 2 шинэ яамны бүтэц, орон тоог баталсан. Мөн ҮХГ, ХХМТГ-ын бүтцийг шинэ 2 яамд нэгтгэхээр тусгасан. Энэ хүрээнд Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нарыг 2 шинэ яамны ТНБД-р түр томилсон бөгөөд энэ нь шилжилтийн үеийн түр арга хэмжээ юм" хэмээн мэдэгджээ.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч ийн жиргэсэн нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр давхар дээлтэй гишүүдийн асуудал шийдэгдэж, шинэ хоёр яамыг удирдах сайд нарын нэр албан ёсоор тодорч, бусад албан тушаалтнуудыг ч мөн албан ёсоор томилох хүртэл ТҮР ХУГАЦААГААР дээрх хүмүүсийг томилсныг онцолсон явдал боллоо. Хоёр яамны ТНБД-аар түр томилогдсон Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нарын томилгоог "шилжилтийн үеийн түр арга хэмжээ" хэмээн онцолсон нь тэдний түр томилгоог удаан хугацаанд үргэлжлүүлэхгүй гэсэн санаа ч байж болох юм.