Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос “Парис-2024” олимпын эрхийн төлөөх шинэ мөчлөг эхлэх гэж байгаа тул барилдааныхаа дүрэмд хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөлт оруулжээ.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас Парисын олимпын мөчлөг гурван жил үргэлжлэх тул жүдо бөхийг хамгийн сайн хэлбэрээр үзүүлэхийн тулд шүүгчийн шүүлтэд өөрчлөлт оруулж, шинэ нөхцөл байдал, шинэ бэлтгэлжилт шаардлагатай болсон гэдгийг илтгэсэн байна.
IJF-гийн спорт хариуцсан захирал Владимир Барта "Бид улс бүрээс дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, зөвлөмжийг хүлээн авлаа. Тус холбоо /IJF/ хайртай спортоо шинэчлэхийн тулд түншүүдийн саналыг авч шаргуу ажиллаж байна. Энэ шинэ дүрмүүд 2022 оноос эхлэн хэрэгжиж 2024 оныг дуустал хүчинтэй байх юм. Дүрмийн зарчим нь тамирчдыг болон спортыг бүхэлд нь хамгаалахын зэрэгцээ жүдо бөхийг илүү эрч хүчтэй, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын сонирхлыг татахуйц болгоход чиглэгддэг" хэмээн онцолжээ.
Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, IJF-ийн шүүгчдийн хянагч Нейл Адамс 2022 оны 1 дүгээр сарын 28-30-нд Португалд болох “Одивелас-2022” Гран при тэмцээний үеэр хэрэгжих бүх дүрмийг дэлгэрэнгүй тайлбарласан байна.