УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн оны өмнө хийсэн лайв жинхэнээсээ “нохой шуугиулж” байна. Дээд шүүхийн 23 шүүгчийн 60 хувь нь гэмт хэрэгт холбогдож байсан. Эдгээр асуудал, нээнтэгтэй хүмүүсийн 17 хүнийг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж томилсон. Энэ үйлдлээрээ Ц.Элбэгдоржийг сүүдэр талдаа гэмт хэргийн бирж байгуулсан гэж айлдав. Үүнийх нь хариуд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үсэрч гарч ирээд өөрийгөө эвгүй байдалд оруулчихаад устгачихав.
Ц.Оюунгэрэлийн мэдэгдлийг олзлохыг хүсэгчид асуудлуудын одоо ар араасаа ундруулна. Нэн түрүүнд Дээд шүүхийн шүүгчдийг нийгмээрээ хайж, нэрлэнэ. Тэгээд гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг нь зарлана. Тэгээд бүгдийг нь сошиалийн “шүүх”-ээр оруулна. Эцэст нь чөлөөлөөд өөрсдийн хүмүүсээ тавих гэж улайрна.
Энэ бол ирээдүйн асуудал. Харин “гүйж ирээд унасан” Ерөнхийлөгчийн жиргээнд энэ цаг үед гол фокусаа тааруулах хэрэгтэй. Тодруулбал, “1996 онд өөрийг нь хүн амины гэмт хэрэгт холбож, хорьж, цагдлаа, хөөрхий зовж зүдэрч байна. Хөвсгөлөөс сонгогдсон гишүүд учирлаж хэлээд би Оюунгэрэлийг туслахаараа авч байв. Тэд хүний төлөө, хүн чанартай хүмүүс байсан юм. Юмыг хэн, хэдийд, яаж дүгнэхээс болоод байх шиг байдаг юм" хэмээх жиргэв. Хамгийн сонирхолтой нь уг жиргээгээ мань Ерөнхийлөгч хэсэг хугацааны дараа устгачихсан. Ц.Элбэгдорж гэдэг хүнийг Эрдэнэтийн 49 хувийн асуудал дээр чуулганы танхимд ингэж контролгүй барьц алдаж байхыг харж байснаас өөр барьц алдахыг би лав хараагүй. Тэр ялангуяа олны өмнө, ялангуяа сошиал орон зайдаа ингэж айхтар цамнахгүйгээр инээдэм, наргиан, тоглоом шоглоом болгож замруулаад өнгөрдөгсөн. Гэтэл энэ удаад тэгсэнгүй. Харин ч зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэдэг шиг юм болов.
Ерөнхийлөгчийн энэ жиргээнд хоёр эвгүй өнцөг уншигдаж байна. Эхнийх нь мань 20 жилийн өмнө 1996 оноос л хэрэг наймаалцаж, бусдыг “төмсөгдөж” байсан ч юм шиг. Эсвэл 20 жилийн өмнө Ц.Оюунгэрэлийг туслахаараа авч, гэмт хэрэг нуун дарагдуулчихсан ч юм шиг. Аль ч тохиолдолдыг нь эргэцүүлээд харахаар мань “буруутан” ч юм шиг утгагүй дүр зураг төсөөлөгдөж байх жишээний. Эсвэл бүр “бярандаа” бялуураад цайчихсан ч юм шиг хариу байлаа.
Ингээд эцэст нь өчигдөр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч албан ёсны твиттер хуудсандаа тавьсан нэгэн бичлэгийг онцломоор санагдав. Энэ бичлэгт хээрийн чоно руу хэрээ мэдэхгүй нохой дайрч, боргож байгаад идүүлэнгээ алдаж буй үйл явдал гардаг. “Үдшийн мэнд” гэсэн учир битүүлэг тайлбартай уг бичлэгийг өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн өөр рүү нь дайрсан шүүгчдийн асуудалтай холбоотойгоор “сануулга” байдлаар тавьсан байхыг үгүйсгэхгүй. Чухамхүү уг бичлэг яг хэнд хаягтай вэ “сануулга” вэ. Б.Бямбасүрэн гуайд “Х.Баттулга бол нохой, гэхдээ манай талын нохой” гэж хэдэн жилийн өмнө тодорхойлуулж байсан Х.Баттулгад зориулсан уу. Эсвэл өдий хүртэл хажууд нь явж ирсэн Ц.Оюунгэрэлдээ хандсан уу. Аль эсвэл байр суурь, өнгөрсөн хугацаанд “бүтээсэн” баялагаар нь оролдож байгаа Ардын намынханд зориулсан уу гэдэг сонирхолтой. Мэргэн уншигчид та бүхэн дор бүрнээ “хаяг”-ыг нь тодруулна биз.
Үдшийн мэнд. pic.twitter.com/yDmx2MgxId
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) January 5, 2022
Магадгүй уншигч танд хэт фантазтай сонсогдож байгаа байх. Гэхдээ Ц.Элбэгдорж гэдэг хүний үг үйлдэл хэзээ ч тооцоогүй, ямар ч үед утгагүй агуулгагүй байдаггүй. Тэр дандаа үгэн дотор үг, үйлдэл дундаа дараагийн алхмаа нууж, илэрхийлж явдаг сийрэг сэтгэлгээтэй нэгэн.
Г.Лхагвадорж