Монголын парламентын сэтгүүлч, МҮОНРТ-ийн сэтгүүлч Ж.Алтангэрэл өнөөдөр /2021.12.28/ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. Тэрбээр Монголын улс төр, нийгмийн салбарт хамгийн олон жил тууштай ажилласан сэтгүүлч нарын нэг юм. МУСГЗ Ж.Алтангэрэл "Миний хүй цөглөж, өсөж өндийсөн төрөлх нутаг, арын сайхан хангай, нутаг ус, зон олон маань намайг үргэлж түшиж явдаг гэж би бодож, залбирдаг. Энэ бол миний амьдралын эхлэл юм.
МҮОНРТ-ийн үе үеийн хамт олон, уран бүтээлчдийн халуун сэтгэл, ханийн минь түшиг тулгуур, гудамжинд зөрөөд өнгөрөхдөө мэндэлж, урмын үг хайрладаг жирийн үзэгчийн хандлага надад сэтгүүлзүйн салбарт хөлөө, чигээ олох зам мөрийг минь үргэлж зааж өгдөг.
МҮОНРТ бол Монгол Улсын түүх юм. Энэ түүх тасрах ёсгүй. Ардчилсан он жилүүдэд байгуулагдсан Монгол Улсын найман удаагийн парламентын Их хурлын долоод нь сэтгүүлчээр ажиллаж байна. Парламентын үе үеийн сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчид бол төрийн түүхийг бүтээгчид. Бидний үзэгний үзүүр хөдөлж, алтан микрофон асах бүрийд Монгол төрийн түүх тасрахгүй. Сэтгүүлзүй зөв оршихуйд эрүүл төр, нийгэм оршдог гэж би боддог. Монголын сэтгүүлзүйн өмнө мэхийе. Нэгэн үеийн парламентын сэтгүүлчдийг төлөөлүүлж, өчүүхэн надад цолоо хайрласан төр, түмэн танаа мэхийн мөргөе" гэлээ.