Өвөрхангай аймагт Арьс шир боловсруулах томоохон үйлдвэр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Уг үйлдвэрийг “Арьс ирээдүй” ХХК, “Ноос ирээдүй” ХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан байна. Уг үйлдвэр жилд нэг сая малын арьс шир боловсруулах бөгөөд үнэгүйдсэн арьс ширийг нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгож, зах зээлд нийлүүлэх юм. Ингэснээр малчдын эдийн засгийг дэмжих боломж бүрдсэн төдийгүй 100 гаруй ажлын байр бий болжээ.
Үйлдвэрийг ашиглалтад оруулахад Өвөрхангай аймгаас дэмжиж, олон улсын стандарт бүхий, хоногт 700 м3 бохир цэвэрлэх хүчин чадалтай байгууламжийг шийдэж өгчээ. Тус үйлдвэр бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортод гаргах бөгөөд Турк, Узбекстан улстай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.