"Таван Толгой түлш ХХК"-аас шуудайг дахин ашиглах буюу худалдаанд гарсан шуудайг эргүүлэн татах асуудлаар мэдээлэл хийлээ. Шуудайг буцаан татан авах болсон нь "Тогтвортой хөгжлийн бодлого", "Хог хаягдлын менежмент"-ийн төслийн хүрээнд хийгдэж буй ажил юм. "Шахмал түлш" ХХК"аас өнгөрсөн өвөл 25 кг-ын шуудайг хэрхэн буцаан татаж, эргэлтэд оруулах талаар судалгаа хийсэн байна. Үүний дүнд шуудайг иргэдээс 300 хүртэлх төгрөгөөр буцаан худалдан авч түүндээ бүтээгдэхүүнээ савлан эргэлтэд оруулахаар болжээ.
Таван толгой түлш ХХК-ийн борлуулалтын хэлтсийн дарга Б.Меняа "Таван толгой түлш компани энэ жил 10 хангамжийн бааз ажлуулахаар шийдвэрлэсэн. Иргэдийн гар дээр буй шуудайг татаж авах ажлыг эхлүүлж байна. Энэхүү ажлыг манай бэлтгэн гүйцэтгэгч компаниуд гүйцэтгэх болно. Эдгээр компаниуд иргэдээс шаардлага хангасан шуудайг худалдан авч тус шуудайндаа түлшээ савлан худалдаанд гаргахад бэлдэж өгөх болно. Бид өдөрт 40мянга орчим ширхэг шуудайг эргэлтэд оруулах зорилготой байгаа" гэлээ.