Монгол Улсад орчин цагийн хууль зүйн алба үүсэн хөгжиж 110 жилийн ардаа үджээ. Тэгвэл өнөөдөр /2021.12.16/ өнөөдөр "Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн хууль зүйн салбарын өнгөрөгч 110 жилийн түүхэн "хуудас"-ыг харуулсан үзэсгэлэн дэлгэгджээ.
"110 жилийн түүхэнд холбогдох 386 баримт бичиг, гэрэл зургийг үзэсгэлэнд дэлгэсэн"
Тус үзэсгэлэнгийн талаар Архивын Ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан н.Сэр-Од "Энэхүү үзэсгэлэн нь 1911 онд Монгол Улс Манж Чин гүрний эрхшээлээс салж, туурга тусгаар улс болж анхны таван яамыг байгуулсан түүхтэй. Таван яам дундаа шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам буюу өнөөгийн ХЗДХЯ-ны үндэс суурийг тавьснаас эхлэн өнөөдрийг хүртэлх 110 жилийн түүхэнд холбогдох архивын баримт, гэрэл зураг, баримтат киног дэлгэн үзүүлсэн. Өнөөдрийн үзэсгэлэн гурван хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Нэгдүгээрт, баримтуудыг хуулбар хэлбэрээр нь самбарт байршуулж өгсөн. Хоёрдугаарт, дижитал хэлбэрээр арван самбарт байршуулан харуулж байгаа юм. Харин гуравдугаарт, архивын баримтын эх хувилбарыг дөрвөн байршилд үзүүлэн байдлаар тавьсан байна. Тус баримтууд нь хууль зүйн албаны түүхэнд холбогдох баримт бичгээс гадна Үндэсний Архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа нэн үнэт, ховор үзмэрүүд юм.
Мөн Үндэсний Архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа нэн ховор үзэмрүүдээс гадна 1911 оноос 2021 он хүртэлх 110 жилийн хугацаанд хууль зүйн салбар хэрхэн үүсэн хөгжиж, ямар бүтэц, зохион байгуулалт, удирдлагуудтайгаар хэрхэн үйл ажиллагаа явуулж байсан зэрэгт холбогдох 386 баримт бичиг, гэрэл зургийг үзэсгэлэнд дэлгэсэн" гэв.
Үзэсгэлэнгээс бэлтгэсэн гэрэл зургийг хүргэе.
Гэрэл зургийг Г.Цэнд-Аюуш