Ардчилсан намын гишүүд хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан нээлттэй цуглаан зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан АН-ын Зөвлөхүүдийн танхимын тэргүүн С.Эрдэнэ цаг үеийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Өнөөдөр хүний эрхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан нээлттэй цуглаан зохион байгуулж байна. Өглөөнөөс хойш цагдаа, хүчний байгууллагууд янз бүрээр саатуулсаар хүний эрхийн өдөр хүртэл үйл ажиллагааг боогдуулж, чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчин, индэр засах гэтэл засуулахгүй байна. Хүний эрхийн наад захын хэм хэмжээг хүчний байгууллагынхан зөрчиж байна. Нийгмийн хэв журам сахиулж байгаа нэрийн дор эрх баригчдын талд ажиллаж болохгүй.
Коммунизмын дарлалаас ковидизмын дарлал илүү хүний эрхийг боож байна. Амьдрах эрхийг ч зөрчиж байна. Бизнес эрхлэх боломжгүй, өөрийнхөөрөө амьдрах боломжгүй зэргээр хүний эрх ноцтой зөрчигдөж байна. Ардчилсан нам хуваагдсан зүйл байхгүй. Аль ч нам фракцид бүлэг болдог зүйл бий. Эрх барьж байгаа МАН-д ч байгаа. Зөрчилгүй, хуваагдалгүй улс төрийн хүчин гэж Монголд байхгүй" гэв.