Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан Улсын бүртгэлийн мэдээллийн санд нэмэгдсэн цахим үйлчилгээний талаар мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Улсын бүртгэлийн хуульд заасан 32 төрлийн үйлчилгээ байдаг. Үүнийг задалбал, 150 гаруй лавлагаа болдог. И-Монголиа системд 59 төрлийн лавлагаа, үйлчилгээ орсон.
Цахим шилжилтийн хуулиудтай уялдан Улсын бүртгэлийн байгууллага 16-аас дээш насны бүх иргэнд тоон гарын үсгийг олгох ажлыг 2022 онд эхлүүлнэ.
2022 оноос хойш иргэнийг регистрийн дугаар биш давхардахгүй 12 орон бүхий бүртгэлийн дугаараар таньж баталгаажуулна. Мөн ирэх оноос цахим гадаад пасспортыг нэвтрүүлж эхэлнэ.
Регистрийн дугаар хөгжлийн шатанд тодорхой хэмжээний шаардлага хангахгүй болж байгаа. Тухайлбал, иргэний улсын бүртгэлд хүйс өөрчлөгдсөний бүртгэл нэмэгдсэн. Энэ бүртгэлийг хийлгэвэл дагаад заавал регистрийн дугаар өөрчлөгдөх шаардлагатай болж байгаа юм. Учир нь регистрийн дугаарын сүүлийн орон эрэгтэй, эмэгтэйг илэрхийлдэг. Мөн шүүхээр насаа тогтоолгох гэх мэтээс шалтгаалаад регистрийн дугаар өөрчлөгдөх нөхцөл үүсдэг. Иймээс тухайн иргэнийг таних цор ганц бүртгэлийн дугаар шаардлагатай болж байна.
Регистрийн дугаарыг мэдээллийн сангаас устгана гэсэн ойлголт байхгүй. Регистрийн дугаарын хэрэглээнээс бүртгэлийн дугаарын хэрэглээнд шилжинэ л гэсэн үг. Цаашдаа бүртгэлийн дугаар хэрэглэнэ" гэв.