Германы Канцлерын албан тушаалыг 16 жилийн турш хашсан Ангела Меркелийн халааг Олаф Шольц авлаа.
Тэрбээр лхагва гарагт явуулсан парламентын санал хураалтаар дараагийн Канцлераар сонгогдож, Ерөнхийлөгч Франк-Уолтер Штайнмайер түүнийг тус албан тушаалд албан ёсоор томилжээ.
Социал-демократ намын дарга, өдгөө 63 настай Шольц нь Гамбург хотын даргын албан тушаалыг 2018 он хүртэл хашиж, түүнээс хойш Сангийн сайд, дэд Канцлераар ажилласан юм.
Одоо тэрбээр Социал-демократ нам, Ногоон нам, Чөлөөт ардчилсан намын бүрэлдэхүүн бүхий гурван намын эвслийг удирдана.