Улаанбаатар хотод байрлах “Гүнжийн нүдэн нуур”-ын эко бүтээн байгуулалтад зориулсан сонгодог хөгжмийн хандивын тоглолтыг Монгол Улсын Филармони, “Эко Соёл Сан”-тай хамтран өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.
“Модны хайр” тоглолт нь “Мод-Үзэгч”-тэй Монголд анх удаа зохион байгуулагдаж буй өвөрмөц тоглолт юм. Энэ тоглолтыг үзэх хүсэлтэй хүн тасалбараа онлайнаар захиалж, таны суудалд захиалсан модыг тавих юм. Харин үзэгчид тоглолтыг бичлэгээр хүргэх юм.
Тоглолтыг “үзсэн” моддыг Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд байх “Гүнжийн нүдэн нуур”-ын эко бүтээн байгуулалтад зориулж тарих бөгөөд цаашид гэр хорооллын дунд байх энэхүү нуурыг түшиглэн агаар хөрс, усны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Эко соёл-судалгааны төв байгуулан үйл ажиллагааг нь өргөжүүлэхээр төлөвлөж байна.