БНХАУ-ын Төвийн Үндэсний Их Сургуулийн Монгол судлалын докторант М.Жавхлантай мөнхийн хөрш БНХАУ-ын корона вирусний халдвартай тэмцэж буй туршлага болон хоёр орны харилцаа, МУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын талаар ярилцлаа.
- Хятад улс халдварын тархалтаа тогтоон барьж чадлаа. Хөл хорионы үеийн нөхцөл байдал ямар байсан бэ?
-БНХАУ "Ковид-19"-ийн тархалтыг зогсоон барьж чадлаа. Хятадын цахим арилжаа худалдаа тахлын үед хөл хориог чанд сахихад л хангалттай хөгжсөн байсан нь төрийн шаардлагыг биелүүлэхэд их түлхэц өгсөн. Мэдээж өвчний тархалтаас сэргийлэх шаардлагаар үйлчилгээг илүү хяналттай болгосон. Хятад улс нь хүргэлтийн үйлчилгээ, интернэт бизнес өндөр хөгжсөн орон. Иргэд нь төрөөс гаргасан шийдвэр шаардлагыг чанаж сахиж чадсан нь халдварын тархалтын тогтооход хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн. Төрөөс байгууллага иргэдэд ирэх эдийн засгийн хүндрэлийг шат дараалан шийдвэрлэж багасгаж байсан нь ч сахилга баттай байх нэг үндэс болсон байх.
-Корона вирусний халдвар тархахад уур амьсгалын өөрчлөлт нөлөөлсөн болов уу ?
-Хятадын урд нутагт нь чийглэг, дулаан цаг агаартай газар байдаг тэнд л анх тахал гарсан гэж мэдээлж байсан. Хятадын хойд нутгаар хожуу илэрсэн бөгөөд өвчлөгчид нь ихэнх нь тээвэрлэгч нар байсан нь хүйтэн сэрүүн цаг агаар халдварыг саармагжуулахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн юм болов уу гэж бодож байна. Манай улс халдварын голомт Ухань хоттой цөөн тооны бизнес эрхлэгч, тэнд суралцаж буй оюутан залуусаас өөр харилцаа холбоо бага болохоор өвчин тээж орж ирэх нь магадлал багатай. Манай улс шуурхай арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлэн хорио цээр тогтоосон нь биднийг дэлхийд нэг хэсэг азийн цагаан дагина шиг азийн цагаан улс байлгаж чадлаа.
Хаврын баяр /цагаан сар/ бол хятадын ард түмний хамгийн их шилжилт хөдөлгөөн хийгддэг цаг хугацаа. Тус баяраар хэдэн арван сая хүнтэй хотууд хоосрон үлдэж ард иргэд бүгд гэртээ харьдаг. Төр, байгууллагаас ч гэсэн гэр бүлээ эрхэмлэж, үндэсний баяраараа гэртээ харихыг уриалж шагнал, урамшуулал ч өгдөг. Яг л энэ шилжилт хөдөлгөөний үеэр тахал хурдтай тархах боломжийг бүрдүүлсэн мөн эсрэгээрээ хорио цээрийг тавихад хялбар байсан. Боловсролын салбарын амралтыг хүртэл хаврын баяраараа тааруулдаг уламжлалтай.
-Хятадын гадаад оюутнуудын хичээл юу болж байна? Хичээл орох хугацаа сунгагдсан. Үүнтэй холбоотой хүндрэл бэрхшээл нь юу байна?
-Танхимын хичээлээ дуусгаагүй оюутнууд цахимаар бүх хичээлээ орж байгаа болохоор хичээлийн хоцрогдол харьцангуй бага. Эхний хэдэн жил сургалтын төлөвлөгөөний дагуу тахимын хичээлээ үзэж дуусгадаг энэ программыг хаасан оюутнуудын хувьд бие даан дипломоо бичиж байгаа байх. Сургууль хэзээ эхлэх тушаал шийдвэрээ хүлгээд л сууж байгаадаа надтай адил.
-Хятадад интернэт ороход хүндрэлтэй байдаг шүү дээ. Тэр тусмаа гадныгадаад улсаас Хятадын сайт руу нэвтрэхэд хэцүү. Онлайнаар хичээл ороход хүндрэлтэй зүйл гарч байна уу?
-БНХАУ нь хүн ам ихтэй интернэт бизнес, интернэт төлбөр тооцоо өндөр хөгжсөн улс болохоор цахим аюулгүй байдлыг цахим гэмт хэрэг, мөн иргэнийг үзэл санаанд нөлөөлөх төрөөс харшилсан ухуулга сурталчилгаанаас сэргийлэх шаардлагаар кибер аюулгүй байдлыг сайн ханган ажилладаг. Энэ суралцаж буй гадаад оюутан, жуулчдад төвөгтэй байдаг нь үнэн. Жишээ нь goole, youtube орж болдоггүй болохоор янз бүрий нvpn ашиглахаас өөр арга байдаггүй. Тэд ч тасралтгүй ажиллах болох vpn-ний эсрэг тэмцсээр л байгаа. Харин энэ тахлын үед гадаад оюутнууддаа зориулан тусгайлан гар утасны хичээлийн тусгай программ зохиож, мөн оюутны дугаараа нэвтрэн орж ашиглах боломжтой vpn гаргасан нь хичээлийн хоцрогдол, сургалтын хэвийн ажиллагааг хангахад чиглэж байна. Манай сургуулийн хувьд 2 дугаар сарын 23-аас хичээл эхлэх байсан бол 3 сарын 1-ээс онлайнаар хичээл эхэлсэн. Харин төгсөх оюутнуудын хувьд онлайнаар хамгаалахаар болсон.
-Гадаад оюутнуудаа хэзээ буцаагаад хүлээж авахаар байна вэ?
-Бээжин хот нь хятадын нийслэл болохоор хамгийн сүүлд хорио бүрэн хорио тавигдах байх. Зарим нэг хотуудын хувьд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх анги, их дээд сургуулийн төгсөх курсийнхэн 4 дүгээр сарын 15-аас эхлэх сурагтай. Гадаад оюутнуудын хувьд мөд очихгүй байхаа.
-Ерөнхийлөгчийн айлчлалыг Хятадын ард түмэн хэрхэн хүлээж авсан бэ?
-Гэнэтийн айлчлал, Хятад улсад тахал гарж хорио тогтоосноос хойш очсон анхны төрийн айлчлал. Тиймээс ч хятадын ард түмэн Монгол улсын сэтгэлийн дэм 30,000 хонь бэлэглэсэн явдлыг бүгд мэдэх боломж гарсан. Дэлхий нийтийн анхааралд орж, Монголыг таниулсан түүхэн айлчлал болсон гэж бодож байна.
Манай ерөнхийлөгчийн айлчлалыг Хятадын хамгийн олон хэрэглэгчтэй сошиал болох вэйчат, вэйбод хятадын ард түмний давлагаа тасралтгүй шэйрлэж баярласан сэтгэлээ илэрхийлж байсан. Хятад улсад байгаа монгол угсаатан маань ч энэхүү айлчлалыг сайн сурталчилж, бидэнд бас талархаж байсан. Хятад улсын хувьд хорио цээрийн үед хамгийн дутагдалтай байсан гурван зүйлийн нэг нь мах байсан. Тэр өглөө би өөрийн фэйсбүүк дээрээ "Монголын арт түмний бэлэг 30,000 хонь, Хятадад нэг хонь дунджаар 1200-1500 юань тэгэхээр 45 сая орчим юанийн буцалтгүй тусламж үзүүлсэн гэж хэлж болно. Ерөнхийлөгчийн айлчлалыг Хятадын хамгийн олон хэрэглэгчтэй сошиал болох вэйчат, вэйбод хятадын ард түмний давлагаа тасралтгүй шэйрлэж баярласан сэтгэлээ илэрхийлж байна. Монголын 30,000 мянган хонь хятадын сошиалд тасралтгүй майлж байна." хэмээн тэмдэглэж байсан. Одоо энэ тахлын үед хятад улсад хонины үнэ 2000 юаньд хүрч байна гэсэн.
-БНХАУ-д сурдаг монгол оюутнуудын хувьд айлчлалын үр дүн мэдрэгдсэн үү?
- Хятадын ард иргэд Монгол улс гэж мэдэх ч гадаад монгол гэж нэрлээд хэвшсэн. Энэхүү түүхэн айлчлал нь хоёр орны харилцаанд сайнаар нөлөөхөөс илүү хятадын ард иргэдийнх нь сэтгэлийн хандлагыг өөрчилж чадсан гэж бодож байна.
Түүхийн цаг хугацаанд хятадууд монголчуудыг гадаад монгол, өвөр монгол хэмээн нэршиж хэвшсэн. Биднийг Хятад улсад суралцаж буй монгол оюутнуудыг гадаад монгол уу гэж л асуудаг. Бид монгол улс хэмээн залхалгүй хариулсаар ирсэн. Сошиал орчинд хятад иргэдийн бичсэн сэтгэгдлээс харахад энэ хандлага өөрчлөгдсөн мэт. Таньж мэдэх хятад танилуудын талархлын захиа тасрахгүй байгаа. Хятадын ард түмний зүрх сэтгэлд Монгол улс гэх нэрийг хоногшуулсан сайхан айлчлал болсон.
-Таны бодлоор тархалт намжсаны дараа Монголд ямар шинэ боломжууд нээгдэх вэ? Аялал жуулчлал, хүнсний бүтээгдэхүүн гээд гадагшаа таниулах боломж байна уу?
- Миний мэдэхийн сүүлийн 10 жил хятадууд гэртээ хоол хийж идээгүй байх. Тахлын үеэр хүнсний бүтээгдэхүүнээс гадна гал тогооны хэрэгсэл ихээр борлогдсон нь хятадын ард иргэдийг гал тогоожуулсан үйл явдал болсон. Хятадад зах зээлийн хэрэгцээгээс хамаарч хоолны бизнес ихээр хөгжсөн, дагаад ашиг олох зорилгоор залилан, хуурамч хүнсний бүтээгдэхүүн ч хөгжсөн. Айл бүр гал тогоотой болж гэртээ хоол хийж идэж байгаа нь энэхүү луйврыг сулруулах, зогсооход ихээхэн түлхэц өгч байна.
Манай улсын хувьд ч хорио цээрийг дагаад сайн тал ч үүсэж байна. Гадаадад оршин сууж байсан олон монголчууд нутагтаа ирж, уламжлалт хоол хүнсээ дэмжиж байгаа харагдаж байна. Хэдийгээр хорио цээр гээд эдийн засгийн өндөр хохирол амсаж байгаач мөнгөөр хэмжигдэхээргүй үндэсний ухамсар сэргэж байгаад баяртай байна.
Корона вирус намжсаны дараа Монголыг сонирхогч гадаадынхан нэмэгдэх нь тодорхой. Төрөөс хэрэгжүүлсэн хорио цээр цагаа олж иргэдээ хамгаалж чадсан нь гаднын хэвлэл мэдээллээр ч яригдаж байна.
Гаднынхан бидний хорио цээрийг сайн авч байгаагаас гадна үнэхээр тусахгүй байна уу өөр гентэй байна уу, хоол хүнстэй холбоотой юу гээд ихээр сонирхож хардаж байгаа. Дотоодын иргэд яагаад корона тусахгүй байгаа нь манай төрөөс авсан шуурхай хорио цээртэй холбоотой боловч гаднын хүмүүсийн нүдэнд энэ нь тэгж харагдахгүй байгаа.
-Аялал жуулчлалын хувьд ямар ахиц дэвшил гарах боломжтой вэ?
- Монголын түүх, соёл, байгалийг сонирхсон жуулчдын 70 орчим хувь нь Өвөрмонгол руу чиглэдэг.
Учир нь Хятад улсад аялал жуулчлалын салбар өндөр хөгжсөн. Жуулчдыг соёлтой, тухтай аялуулахад анхаарч чиглэсэн байдаг.
Жишээ нь: Ордосын Бүрээ манхан хэмээн элсэн цөлд дүүжин гүүр, элснээс гулгах гулгуур, элсний машин, элсэн дээр явах хөлөг онгоц, соёлын тоглолт гээд бүхий л үзүүлэх боломжтой орон нутгийн соёлыг бүрдүүлсэн байдаг. Зориулалтын хувцас аюулгүй байдал гээд жуулчдыг тав тухтай байх нөхцөлийг сайн хангадаг. Өөрөө ч мэдэхгүй айж эмээгээд гулгаж байхад доороос нь зураг авчихсан байдаг. Жуулчидаас хэрхэн мөнгө авах арга ухааныг техник технологитой хослуулан шийдсэн нь монголыг сонирхогч жуулчдыг татахын аргагүй юм. Харин манай аялал жуулчлал арай байгалиараа байгаад байна.
Жаахан хүнд хэцүү адал явдал, зэрлэг байгаль сонирхсон жуулчид л манайд ирж байна. Тэд хэдэн мянган доллар төлөөд аялах ёстой байтал нэг, хоёр сар монголоор дугуй, мотоциклтой явж байгаад яваад өгдөг. Бид нар энэ олон мянган жуулчдаас мөнгө авах нь бүү хэл зочлоод дайлаад хооллоод явуулдаг. Тэд ч гаршсан сошиал дээр аяллын маршрутаа тэмдэглэл болгон үлдээгээд ул мөрөөр нь дахиад л нэг гадаад үнэгүй үйлчилгээ аваад явж байна. Иймэрхүү жуулчдыг хязгаарлах цаг нь болсон байхаа.
Корона вирус дэлхий нийтээр намжаад, манай улсын иргэд ухамсартай байгаад хорио цээрээ сайн дагаж мөрдөөд манай улсад корона ихээр илрэхгүй байвал манай улсыг чиглэсэн аялал жуулчлал хэд дахин нэмэгдэнэ байх даа.
-Аялал жуулчлалын салбарт жуулчид ихээр нэмэгдэхээс гадна, хүнсний бүтээгдэхүүн зэргийг экспортод гаргах боломж бий болов уу?
Бидний хүнсний бүтээгдэхүүнийг гадаадынхан сонирхох нь дамжиггүй.
- Мал аж ахуйн хүнсний ахуйг дагасан хүнсний дайвар бүтээгдэхүүнүүд нэлээд сонирхол татах боломжтой. Манай дотоодын бизнес эрхлэгчид сүү, сүүн бүтээгдэхүүн, эсвэл махыг боловсруулсан олон төрлийн дайвар бүтээгдэхүүн зэргийг гаргавал жуулчдын анхаарлыг татахаас гадна дэлхийн олон улс орон гэхгүйгээр ядаж ойрын хэдэн орнууддаа өөрсдийн онцлогт хүнсний дайвар бүтээгдэхүүнийг савлаад гаргаж, экспортын бүтээгдэхүүнүүд нийлүүлбэл монголын нүүдэлчдийн брэнд гээд сонирхох байхдаа. Эдийн засгийн хүн биш болохоор зүгээр л бодлоо хэлж байгаа. Олон арван судалгаа, олон бизнесмен нар харж судалж байгаа байх.
-Монгол хүний бие физиологи энэ вируст нөлөөлсөн болов уу?
-Монгол хүний бие организмаас хамааралтай байхыг үгүйсгэхгүй гэхдээ гол асуудал нь энэ өвчин манай улсын хамгийн хүйтэн цаг үед дэгдсэн. Хүйтэн үед бид угаасаа сэрэмжтэй байдаг. Өвлийн улиралд ханиад их хүрдэг тул монголчууд бид өөрсдөө ханиадтайгаа их тэмцдэг. Дархлаагаа сэргээх эм, шөл, аарц, чацаргана гээд олон зүйлийг хэрэглэдэг. Тэр цаг үед вирус тархсан нь монголчууд нэг талаар азтай байсан байх.
Европ болон Орос хүмүүсийн элгэнд архийг задалдаг фермент байдаг шиг зөвхөн монгол хүнд сүү задалдаг фермент байдаг гэж уншиж байсан юм байна. Энэ нь бас хамаатай ч юм билүү хэлж мэдэхгүй.
Э.Нандингэрэл