Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нурах аюултайд тооцогдож, оршин суугчдыг нь нүүлгэж байсан 16 дугаар байранд 750 саяар хөрсний бэхэлгээ хийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 55 секунд

2015 оны тавдугаар сард Баянгол дүүргийн 16 дугаар байрны хажууд олон давхар байшин барихаар ухсан суурь нүхний хананы шороо нурснаас 6 метрийн зайтай орших 16 дугаар байранд хазайлт өгч тухайн үедээ олны анхаарлыг татаж байлаа. Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны 50 айлын 244 оршин суугчдыг буудалд тусгаарлаж, байрыг нь цагдаагийн хамгаалалтад аваад байв.

Улмаар холбогдох байгууллагуудаас шалгаж, цаашид арга хэмжээ авна гэж байв.

Тиймээс бид тус байрны оршин суугчдын нөхцөл байдал ямар байгаа талаар эргэн сурвалжиллаа. 2015 онд болсон үйл явдал болсноос хойш энэ байрны оршин суугчдын ихэнх нь байраа хуралдсан, эсвэл түрээслүүлдэг болсон аж. Ингээд тус байрны СӨХ-ны дарга Б.Хорлоогоос тодрууллаа.

-2015 онд 16 дугаар байранд хазайлт үүсэн оршин суугчдыг нь буудалд тусгаарлаж байсан. Одоо байрны нөхцөл байдал ямар байна вэ?

-Одоо 16 дугаар байранд ямар нэг асуудал байхгүй. Тухайн үедээ 750 сая төгрөгөөр хөрсний бэхэлгээ, хүчитгэлийн ажил хийгдсэн. 40 гаран жилийн настай байранд сан техникийн засварын ажил гаралгүй л яах вэ. 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тухайн асуудлыг шийдэж байсан санагддаг.

-Тухайн үедээ хөрөнгө оруулалтын хүрээнд яг ямар ямар ажил хийгдсэн бэ. Нарийн тодорхой хэлж өгөөч?

-Бүдүүн бүдүүн турбагаар шахаад нуралтаас сэргийлэх ажиллагаа хийсэн. Тухайн үед оршин суугчид нь бүгд харж байгаад л хийлгэсэн юм даа. Өөр эгчид нь нэг их яриад байх юм алга.

Харин оршин суугчдын хувьд ямар нөхцөлтэй байгаа талаас асууж тодрууллаа. Тухайн үед амьдарч байсан оршин суугчдын ихэнх нь байраа худалдсан, түрээсэлсэн байлаа. Тухайн байрны үнэ ч унасан бөгөөд одоо бага сага асуудал байдаг гэдгийг оршин суугчид хэлж байна.

16 дугаар байрны оршин суугч Л.Наранцэцэцэгтэй уулзаж ярилцлаа.

-2015 оноос хойш ямар асуудал үүсч байна. Одоогийн орчин нөхцөл ямар байна вэ?

-Тухайн үед сантехникийн гол турба нь муруйчихсан юм билээ. Манай ээжийнд дээд талын айлаас нь ус алдсан дуудлага ирсэн юм. Манайхаас ус алдсан юм байхгүй. Манайхаас доошоо шал таазны голд байдаг бүдүүн турбанаас нь ус шүүрсэн байсан. Тэр нь амархан нугаларчихдаг турба биш юм билээ. Түүнээс хойш л энэ байр барилгын хувьд жаахан асуудалтай л болчихсон юм байна гэж бодож байна.

-Болзошгүй эрсдлээс айдаг уу?

-Нэгэнт л энд амьдарч байгаа юм чинь айлаа гээд яах вэ. Гэхдээ улсаас анхаарал хандуулах байлгүй дээ. Хорооны оршин суугчид энэ талаас нь юм ярьвал би дэмжинэ л гэж бодож байна. Ер нь нэг өдөр нурчихаж мэдэх юманд хэн ч гэсэн амьдарна гэж бодохгүй шүү дээ.

-Өөр танд нэмж зүйл байна уу?

-Тайван биш, хэзээ газар хөдлөлтөөр нурчих вий дээ гэсэн түгшүүр байна. Хөрсний суулттай холбоотой энэ байрны үнэ маш хямд байна. Түүн дээр ч эмзэглэж байна.

-Өөр илт мэдэгдэхээр асуудал үүссэн үү?

-Одоогоор тийм зүйл байхгүй. Гэхдээ тэр турба гэх мэт зүйлсээс л айж байна. Турба нь муруйснаас болж ус шүүрэн зургаан давхар руу хүртэл ус алдсан.

-Хохирлыг хэрхэн барагдуулсан бол?

-СӨХ-өөс засварлаж өгсөн.

Мөн тус байранд амьдран суудаг Б.Л-тай уулзаж ярилцахад дараах хариултыг өглөө.

Тэрбээр "Манайх байраа 2015 оноос хойш худалдаж авсан л даа. Дээр үеийн Орос байр учраас юу юугүй нураад уначихгүй биз. Дээрээс нь тухайн үеийн үйл явцыг зүгээр л сенсаци гэж боддог. Тэгсэн ч бэхлэлт хамгаалалтыг нь хийчихсэн болохоор зүгээр гэж бодож байна" гэв.

Харин 16 дугаар байранд 2015 оноос оршин сууж байгаа Д.Баатархүү гуай тухайн үед ямар асуудал үүсэж байсан талаар болон одоо ямар асуудал тулгарсан талаар нарийн дэлгэрэнгүй ярьж өгсөн юм. Тэрбээр "Манай зүүн талын цементэн хучилт доошоо суулт өгсөн юм. Онцгой байдлынхан шөнө яаралтай нүүлгэн шилжүүлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага ирж үзээд зүүн тийшээ хазайгаагүй байна. Баруун тийшээ хазайсан байна гэж үзсэн. Зураг төсөл нь олдоогүй, хэн гаргаж байсан нь тодорхойгүй юм билээ л дээ. Хучилтын ажил хийхийн хажуугаар сагсан бөмбөгийн талбай байгуулж өгнө гэж хэлсэн. Одоогоор орчны тохижолтын ажил нь хийгдээгүй. Хог новш цугларсан хашаа болж хувирсан. Цаана баригдаж байгаа барилга нь АТГ-аар шалгагдаж байгаа гэдэг юм билээ. Уул нь 18 давхар барилгын хундам цутгах гээд л ийм асуудал үүсэн. Үүнээс болж манай байрны үнэ унасанд л их гомдолтой явдаг" гэдгээ хэллээ.

Тухайн үед Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хэмжилт, шалгалтаар орон сууцны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй гэсэн дүгнэлтэд хүрч, улмаар хөрсөнд бэхэлгээ, хучилтын ажил хийснээр оршин суугчдыг байранд нь оруулж байсан.Уг асуудлаар болон цаашид уг байр нурах аюултай эсэх талаар НМХГ-аас тодруулах гэсэн боловч "Тэд архив ухаж байна" хэмээгээд олон өдрийг үдэж, мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан мэндчилгээ дэвшүүлжээ
УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан мэндчилгээ дэвшүүлжээ
 
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.