Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сарын 17-нд зарлиг гаргаж, Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдийн цол чимгийг гардууллаа. Цол гардуулах ёслолын дараагаар бөхчүүд сэтгэгдлээ илэрхийллээ. Улсын заан цол хүртсэн Д.Анар "Монгол улсын заан хэмээх хүндтэй цол хүртсэндээ баяртай байна. Миний бие сүүлийн гурван жил допингтой бөхчүүдтэй барилдаж унасан. 10 гаруй жилийн маань хөлс хүчийг үнэлж энэ цолыг олгосон болов уу гэж бодож байна.
Тухайн үед барилдаж байхад допинг хэрэглэсэн үгүйг мэдэж чадахгүй. Гэхдээ бие болон сэтгэл зүйд маш их өөрчлөлт өгдөг зүйл юм шиг байна лээ.
МҮБХ допингийн асуудалд хатуу байр сууринаас хандаж, монгол бөх допингийн асуудлаас ангижрах байх гэж бодож байна. Гурван жил дараалан допингтой бөхчүүдтэй барилдсан нь харамсалтай санагдаж байгаа. Олон жилийн хөлс хүчээ үнэгүйдүүлж байгаад харамссан.
Допингтой бөхтэй барилдаагүй бол үүнээс илүү амжилт гаргах байсныг үгүйсгэхгүй. Цаашид заалны барилдаануудын шинжилгээг маш сайн авах хэрэгтэй. Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хатуу арга хэмжээ авч байж энэ асуудлаас ангижрах байх" гэлээ.