Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордонд аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар уулзаж, цар тахлын үеийн улс, орон нутгийн хэмжээний асуудлаар санал солилцож, үүрэг даалгавар өгсөн юм.
Ерөнхий сайд уулзалтын эхэнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, тулгарч буй хүндрэлийг товч танилцуулаад -5,3 хувьд хүрч унаад байсан эдийн засаг сэргэж байгааг онцолсон. Эдийн засгаа сэргээх арга зам болоод байгаа дархлаажуулалтын нэмэлт тунд хүн амын 50-иас дээш хувийг идэвхтэй хамруулахад аймаг бүр онцгой анхаарах нь чухал гэдгийг хэлж байв.
2022 оны улсын төсвийн онцлог, давуу талыг Ерөнхий сайд танилцуулаад орон нутгийн төсөв үрэлгэн биш үржүүлэхийн хүрд шиг байх ёстойг анхаарууллаа. Аймаг, орон нутгийн хөгжилтэй холбоотой асуудал бүрт Засгийн газар анхаарч, тулгамдсан асуудлын санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгуулахыг зорьж ажиллахаа илэрхийлсэн юм.
Мөн орон нутгийнхаа онцлогт тохирсон хөгжлийн загвар, төлөвлөлт хийх, ирэх оны төсвөө батлахдаа нээлттэй боомт, хараат бус эрчим хүч, боловсруулах аж үйлдвэр, түгжрэл, төрийн бүтээмж, байгалийн нөөц гэсэн зургаан хүчин зүйлд онцгой анхаарахыг тэрбээр чиглэл болгосон. Ингэхдээ төрийн захиргааны байгууллага зөвхөн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж, Засгийн газартай нягт хамтарч ажиллан, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэж, иргэдийг хөдөө, орон нутагт ажилллаж, амьдрах орчныг нэмэгдүүлж, дэмжих ёстой гэлээ.