Өнөөдөр Улсын Онцгой Комиссын XIV хурал хуралдаж, гаргасан шийдвэрүүдээ танилцууллаа. Уг шийдвэрээр тусгай нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацааг 21 хоног болгон сунгаж мөн нэг өрөөнд нэг л хүнийг тусгаарлах шийдвэр гаргажээ.
Учир нь өмнө нь Ковид-19 халдварын нууц үе 14 хоног гэж үзэж иргэдийг тэр хугацаагаар тусгаарлан, нэг өрөөнд 4,5 хүнийг хамт хөл хорионд байлгасан юм. Тэгвэл саяхан ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирусийн нууц үе 5,5-19 хоног болохыг мэдэгдсэн тул тусгаарлах хугацааг сунгах хүсэлтийг ЭМЯ-ны зүгээс тавиад байсан билээ. Үүний дагуу УОК хүсэлтийг хүлээн авч, дээрх шийдэлд хүрчээ. Харин яг одоо тусгаарлагдаж буй иргэдийн тухайд:
"Одоо тусгаарлагдаж буй иргэд нэгэнт 14 хоногийн тусгаарлах байрны төлбөрөө төлсөн тул сунгагдсан 7 хоногийн төлбөрийг нэмж авахгүй. Тэдний төлбөрийг энэ удаа МУ-ын Засгийн газрын нөөц хөрөнгөөр шийднэ" хэмээн ОБЕГ-ын дарга, генерал Т. Бадрал мэдэгсэн юм.
Мөн яг одоо тусгаарлах байранд байгаа иргэдийн хөл хорионы хугацааг сунгасан тул дараа дараагийн иргэдийг авчрахад байр хүрэлцэхгүй болоод байгаа аж. Тиймээс зочид буудал, ААН-тэй дайчилгааны хуулийн дагуу хамтарч ажиллана гэлээ. Үүнийгээ дагаад гадаадаас ирэх иргэдийн тусгаарлах байрны төлбөр 1,050,000 төгрөг болж нэмэгдэж байна.