Америкийн “Pfizer” компанид гарган авсан эмийг “COVID-19”-ийн шинж тэмдэг илэрснээс гурван хоногийн дотор ууснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдэлийг 89 хувиар бууруулж буйг тус компани мэдэгдлээ.
Энэхүү судалгаанд “COVID-19”-өөр халдварласан, хүндээр өвчлөх эрсдэл өндөр 1200 гаруй хүнийг оролцуулж, эм, плацебо уусан хүмүүсийг харьцуулсны дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Тодруулбал, жинхэнэ эм уусан хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол плацебо уулгасан 10 хүн нас барсан байна.
“Энэхүү эмэнд зөвшөөрөл олговол эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэлтэй 10 хүн тутмын есийнх нь эрсдэлийг арилгах боломжтой болохыг судалгааны дүн харуулж байна” гэж “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла мэдэгдсэн байна.
Халдвар өвчин судлалын мэргэжилтнүүдийн хувьд эдгээр үр дүнг хэвлэлийн бага хурлаар танилцуулсан урьдчилсан дүгнэлт бөгөөд анагаах ухааны сэтгүүлд хянан нягтлуулаагүй гэдгийг сануулсан ч “COVID-19”-ийн эсрэг үр дүнтэй, хялбар хэрэглэх боломжтой эмийн судалгаанд дахин нэг томоохон ахиц дэвшил гарч байгааг онцолсон байна.