УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гомын санал гаргалаа.
Тэрбээр "ЭЗБХ-ны хурал дээр энэ жолоочийн даатгалын тухай хуулийн хэлэлцүүлэгт орох гэхэд УИХ-ын дэд дарга, хууль санаачлагч Т.Аюурсайханы зүгээс намайг ашиг сонирхлын зөрчилтэй тул хэлэлцүүлэгт оролцох боломжгүй гэсэн. Мөн ҮХЦ-д хандах талаараа хэлсэн. ЭЗБХ-ны хурал дээр болон хурлын дараа манай эхнэрийг даатгалын компанийн 88.5 хувийг эзэмшдэг гэх үндэслэлээр намайг хэлэлцүүлэгт оролцох боломжгүй гэсэн. Энэ хуралд би оролцох боломжтой бол оролцъё.
Энэ парламентийн хугацаанд бид 200 гаруй хуульд өөрчлөлт оруулсан байна. Дийлэнх нь 12 салбарт хийгджээ. Гэтэл УИХ-ын гишүүдийн холбоо хамаарал бүхий хүн нь сургуультай байхад тухайн гишүүн боловсролын салбарын шинэчлэлийн хуулиудад саналаа өгсөн байна. Хууль санаачилсан байна. Тиймээс Т.Аюурсайхан гишүүний логикоор эдгээр гишүүд бүгд чуулганы хуралдаанд оролцохгүй биш үү. Надад баримт бий. Чуулганы хуралдаанд Т.Доржханд миний бие оролцох эрхгүй бол картаа сугалаад орохгүй байя. Т.Аюурсайхан гишүүн намайг ҮХЦ-д өгч байгаа бол би түүнийг нэр төртэйгээр хүлээж аваад гишүүний эрхээсээ татгалзахад бэлэн байна. Харин ийм тохиолдолд та бүх гишүүний асуудлыг яг адил ҮХЦ-д өгөх үү. Тэгвэл бүгд УИХ-аа тараая" гэлээ.