Түргэн хоолны сүлжээ ресторан Макдональдс коронавирусийн тархалтын эсрэг бие биеэсээ зай барьж байхыг сануулахын тулд алдарт бэлгэ тэмдгээ өөрчилжээ. Тодруулбал,өнгөрсөн долоо хоногт Макдональдсын Бразил дахь салбарууд дэлхий даяар хүн бүрийн танил болсон "М" хэлбэр бүхий хоёр алтан нумыг салган шинэчилсэн бөгөөд энэ долоо хоногт Энэтхэг болон зарим улс дахь салбарууд дээрх санаачилгыг дагажээ. Ресторануудын биет хаягууд одоогоор шинэчлэгдээгүй байгаа ч цахим орчинд шинэ бэлгэ тэмдэг нь түлхүү ашиглагдах болсон байна.
Харин өмнө нь 2018 онд Макдональдс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр бэлгэ тэмдгээ доош харуулан "W" (woman) хэлбэртэй болгож байсан юм.
АНУ-д зөвхөн заавал ажиллах шаардлагатай байгууллагуудын ойролцоох Макдональдсын салбаруудыг ажиллахыг зөвшөөрсөн байна. Гэвч энэ нь АНУ дахь нийт 14 мянган салбарын ердөө таван хувь нь аж.
Эх сурвалж: TODAY.COM