АМГТГ-ын дарга Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилохоор нэрийг нь ОХУ-ын тал руу явуулсан гэх мэдээлэл цацагдаад буй. Хэдийгээр уг мэдээллийг тэрбээр өөрөө үгүйсгэж, МАН-ын бүлгээс хэний нэр яригдаж байгааг огт мэдэхгүй гэж мэдээлж байгаа ч Х.Хэрлэнгийн нэр яригдаж буйд УБТЗ-ын ажилчид эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.
Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Л.Халтар, ОХУ-ын "Оросын төмөр замууд" НХН-ийн Ерөнхийлөгч Олег Валентинович Белозеров нарт албан бичиг хүргүүлжээ.
Уг албан бичигт "Сүүлийн үед мэргэжлийн бус, туршлагагүй Х.Хэрлэн гэх эрхмийн нэр албан байдлаар танилцуулагдаж эхоээд байна. Түүний намтар түүхийг харахад УБТЗ-ыг удирдаад явах туршлага огт байхгүй, наад захын орос хэлний академик мэдлэггүй гэдэг нь илт харагдаж байна.
Иймд УБТЗ-ын даргаар туршлагатай, мэргэжлийн төмөр замчин хүнийг шатлан дэвших зарчмаар томилж өгнө үү. Бидний хүсэлтийг хүлээн авч, жагсаал цуглаан, ажил хаялт зэрэг бослого тэмцэлд хүргэхгүй байхыг хичээнгүйлэн хүсье" гэжээ.