Хууль зүйн байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцэв. Төсөвтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Авлигын улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулах хүрээнд 80 гаруй тэрбум төгрөгийг улсад оруулсан гэж мэдэгдсэн. Энэ мөнгийг юунд зарсан бэ. Автозамын камерт хичнээн төгрөг тусгасан бэ" гэж асуулаа.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "АТГ оны эхний 10 сарын байдлаар авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлбөрт 90 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүн дээр жолоочдын торгуулын 50 хувийг хөнгөлөх хүрээнд 13.5 орчим тэрбум төгрөг гурван сарын хугацаанд цугласан. Эдгээр мөнгөнүүд бүгд улс, орон нутгийн нэгдсэн төсөвт орсон. Торгуулийн орлогын 40 хувь нь орон нутгийн төсөвт, үлдсэн 60 хувь нь улсын нэгдсэн төсөвт орсон.
Авто замын камерын нэгдсэн системийг сайжруулах шаардлага байгаа. Энэ асуудлын хүрээнд техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил хийгдэж, дуусах шатандаа явж байна. Монгол улсад одоогийн байдлаар 6000 орчим авто замын камер байдаг. Түүний 2000 орчим нь огт ажилладаггүй, 2000 мянга нь ашиглалтын шаардлага хангадаггүй байна. Харин үлдсэн 2000 орчим камер нь ашиглалтын шаардалга хангадаг. Монгол улсад нийт 60 мянган камер байж гудамж талбай, зам харгуйг бүхэлд нь хянах боломж, нөхцөл бүрдэнэ гэсэн урьдчилсан тооцоолол хийгдсэн. Энэ ажлыг дагаад программ хангамжын асуудал буюу ухаалаг системийн асуудал үүснэ. Мөн кибер аюулгүй байдал, холбоо дохиоллын асуудал нэмэгдэнэ" гэжээ.