БНХАУ хилээ хаасантай холбогдуулан зөвхөн нарийн ногооноос гадна экспортоор орж ирдэг эм эмнэлгийн хэрэгсэл тасалдаж, зарим эмийн сан хаалгаа барихад хүрчээ. Эмийн сан хаалгаа барихаас гадна хүн амын дунд олон төрлийн өвчлөл ихтэй манай улсын иргэд дусал, тариур зүү, өвчин намдаах эм тэр бүү хэл нурууны наалт хүртэл хайсаар олон эмийн сангийн хаалга татаж, улаа эргэтэл эрэл хайгуул хийгээд хагас сар орчим болжээ. Эм тариа хайсан иргэд дэмий л ганзага хоосон буцаж байна. Ингээд бид энэ асуудлыг сурвалжлахаар Бөхийн өргөө орчмын 10 гаруй эмийн сангаар ороход эм сурсан иргэд олон байлаа. Харин тэдэнд эмийн санчид ганцхан хариултыг л өгч байсан юм.
Тэр нь "Байхгүй. Тасарсан" гэдэг хариулт.
Энэ хариултыг 14 дахь эмийн сангаасаа сонсож, 15 дахь эмийн санруугаа алхаж яваа иргэн Т.Ц-тэй уулзаж ярилцахад "Монгол Улс юу ч үгүй болжээ. Хөгшиндөө яаралтай өвчин намдаах эм авах гээд хайж явна. Хэдэн ч буудал алхчихав даа. Тэр бүү хэл ганц "натрийн хлорид" гэх давсны уусмал ч олдохгүй байна шүү дээ. Өнөөдөртөө олохгүй бол горьгүй нь" хэмээсэн юм.
Өвдөх гэдэг өлсөхөөс өөр зүйл. Ногоо тасрахад махаа идчихнэ. Гэтэл дусал тариа, эм тасарвал бид оронд нь юугаа хэрэглэх вэ?
Бид цааш явж Монгол Улсдаа л томоохонд тооцогдох эм ханган нийлүүлэх төв "Монос"-ын эмийн сангаар ороход Монголчуудын хэрэглээнд хамгийн их хэрэглэгддэг ренгер тарилгын шингэн, натрийн хлорид байхгүй байлаа. Ингээд тус эмийн сангийн эмийн санчаас ямар, ямар эм бэлдмэл байхгүй байгаа талаар тодруулахад "Корона гарснаас хойш зарим нэр төрлийн эм, тариа ховордох болсныг бүгд л мэдэж байгаа байх. Наадмаас хойш хөдөө орон нутаг халдварын тоо ихээр нэмэгдэхэд эмнэлгүүд эм, тарианы хомстолд орсон шүү дээ. Одоо манайд коронагийн эммчилгээнд уух эм, бэлдмэл болон зүү, дусал тариа дууссан. Асууж сураглах иргэд ч тоймоо алдлаа. Витагрипп, пиковитт, анаферон, норов-7, сиптолин лав дуусаж байгаа байх. Нөөцөө дуусахад л буцааж татаж байсан. Гэтэл татаж авах ч эм бэлдмэл байхгүй болсон. Тэр дундаа иргэдийн хамгийн их хэрэглэдэг гол эмнүүд нь шүү" гэлээ.
Одоогоор тасарсан болон ховор байгаа эм, эмийн хэрэгслүүд,
100, 250, 500 мл натри, 200, 500 мл ренгер, 250, 500 мл пантоген, 1,2,3, 10 граммтай тариур зэрэг нь тасарсан.
Харин жижиг эмийн сангуудын хувьд "Хаалгаа барихад хүрсэн" гэдгээ хэлж байна. Бөхийн өргөөний ойролцоох нэгэн эмийн сан руу ороход, "Юу асуух гэж байна. Байхгүй дээ бараг" хэмээсээр угтсан юм. Тус эмийн сангийн эмийн санч манайх одоо эм тариагүй болсон болохоор 13 цаг гээд л хаалгаа барьж байна. Эгч нь "Хэлдэг ганц л үгтэй болсон Байхгүй гэдэг. Олон л хүн эм тариа асууж орж байна даа. Одоо бид яалтай билээ дээ" хэмээсэн юм.
Мөн дараагийн иргэнтэй уулзаж ярилцахад, "Ээждээ нэг дусал хайгаад олсонгүй ээ. Тэр битгий хэл өөртөө нурууны наалт ч олж чадахгүй байна. Дусал тариа хийлгэдэг гэрээрээ эмчлүүлдэг хүмүүс хэцүү байгаа байх даа хөөрхий" хэмээсэн юм.
Харин бидний мэдэх "Ази фарм" "Хүрмэн" эмийн сангаар ороход Натрийн хлорид 500 мг-тай нь ганцхан ширхэг л байсан юм.
Нөгөө талдаа эм эмнэлгийн хэрэгсэл хамгийн их хэрэг болдог газар бол эмнэлгийн байгууллагууд. Хэрвээ эм, хэрэгсэл тасарвал олон өвчтөн хүндрэх эрсдэлтэй гэдгийг эмч ажилчид хэлж байсан юм. Бид Нэгдүгээр эмнэлгээр орж эм, эмийн хэрэгсэл дуусаж байна уу гэж асууж тодруулахад, "Одоогоор яг дууссан эм бэлдмэл бол алга. Харин энэ байдал нэлээд хэд хоног үргэлжилбэл хэцүүдэх байх" гэлээ.
Улаанбаатар хотын эмнэлгүүд одоохондоо нөөцөөр тасраагүй бол орон нутгуудаар эмнэлгийн эм хангамж тасарснаас үүдэж, коронавирусийн халдвар авсан иргэд хүндэрсэн байдалтай байгааг албаны хүмүүс хэлж байна.
Энэ талаар Өвөрхангай аймгийн нэгэн өрхийн эмнэлгийн эмчтэй холбогдож асуухад "Арбидол 200 мг-тай нь л гэхэд манай аймагт тасарсан. Мөн гроприносон гэх мэт яг вирусийн гол хэрэгцээтэй эмнүүд нь тасарчихсан. Яадаг юм байгаа юм бүү мэд. Хоёрдугаарт, эм тариа ховордож эмчлүүлэгчид хүндэрч байна. Эмийн үнэ ч гэсэн нэмэгдсэн" гэдгийг хэлж байв.
Эндээс харахад манай улсад гол эм тариа эмийн хэрэгслээ өөрсдөө хийх хэмжээний жижиг ч болтугай үйлдвэрүүд байх шаардлагатай гэдгийг харуулж байна. Бие даасан улс орон гэхэд шприц, зүү дуслын сав үйлдвэрлэчих хэмжээний чадавхгүй байна гэдэг нь эмгэнэлтэй. Энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл ёстой л нөгөө "Бухын доодохыг харж үнэг турж үхнэ" гэдгийн үлгэрээр орох нь. Нэмж хэлэхэд коронавирусийн гол эмчилгээнд хэрэглэгддэг арбидол гэх эм улс даяар тасарвал цар тахалд ташраараа хиарч, хүн амын дунд нас баралт нэмэгдвэл яах вэ. Бензин тасрахад сүржин зан авир гаргадаг шигээ эм бэлдмэл татан авах асуудалд анхаарахгүй бол болохгүй болж байгаа нь энэ биш гэж үү?
С.Сувдансондор