Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА: Хүүхдүүдийн баяр хөөр ид шид мэт цэцэглэсэн “Ид шидийн орон“

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 3 секунд

Долоо хоног бүрийн баасан гарагт хийдэг эерэг сурвалжилгаа "Ид шидийн орон 2"-оос бэлтгэлээ.

"Ид шидийн орон 2"-ын үүдээр ороход л нүдэнд нь хайр энэрэл, аз жаргалын оч гэрэлтсэн нэгэн бяцхан охин тосон гүйж ирээд "Ах аа, та энэ цаасан дээр өөрийн хамгийн хайртай таван зүйлийг бичээч" хэмээсээр угтсан юм.

Цэнгэг усны загас эрх дураараа тоглох шиг хүүхдийн баяр хөөр цалгисан гэгээн уур амьсгалтай газарт сэтгэл санаа хөнгөрөөд нэг л таатай санагдсан сан. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүхдүүд өөр өөрийн үлгэрийн ертөнцөө амилуулахын тулд ном унших нь ном уншиж, шатар даам тоглох нь тоглож, хичээлийн бие даалтаа хийхээс авхуулаад бяцхан жаалуудын зүрхнүүдийн хэмнэл цаанаа л нэг гэгээн байлаа.

Хүүхэд нас гэдэг амьдралын утга учрыг таних гэгээн үе. Тиймдээ ч амьдралын утга учрыг танихын тулд хийж, сэтгэж, бодож байгаа бүхэн нь гэгээн байдаг ажээ. "Ид шидийн орон 2"-т хүүхдийн хөгжилд зориулсан 10 гаруй сургалт явагддаг байна. Биднийг очиход Жүй жицүгийн сургалт явж байсан юм. Тухайн заалнаас "ӨӨС ӨӨС" гэх дуун хадах нь бидний анхаарлыг ихээхэн татсан тул явж ороход 10 гаруй насны 20 гаран хүүхэд бэлтгэл сургуулилалтаа хийж байлаа. Тэдний дунд ганцхан эмэгтэй тамирчин охин байсан юм. Түүний нэрийг Номин гэдэг бөгөөд Ирээдүйд "Олимпын аварга болно. Бас мундаг хүн болоод эх орноо хөгжүүлнэ. Ах аа та намайг том болсон дараа ирж сурвалжилга авах уу" хэмээн асууж байсан юм.

Бусад тамирчин хүүхдүүдийн хувьд бүгд л олимпын аварга болох хүсэл мөрөөдөлтэй гэнэ. "Ид шидийн орон 2"-т ирэхээр найзуудтайгаа тоглоод бэлтгэл сургуулилтдаа хамрагдаад сайхан байдаг. Аав ээж нь ч гэсэн тэднийг "Миний хүү мундаг тамирчин болоорой хэмээн өглөө бүхэн духан дээр нь үнсдэг талаар хэлж байлаа. Тэдний дундаас олимп дэлхийн аварга, эх орон ард түмнийхээ нэрийг цуурайтуулсан тамирчин олон төрөх нь дамжиггүй биз ээ.

Ингээд бид "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн У.Ганбаяртай уулзаж ярилцахад "Ид шидийн орон 2 төсөл үйл ажиллагаагаа 2020 оны зургаан 01-нээс явуулж эхлээд байна. Хүүхдүүдийн аз жаргалтай байгааг хардаг. Олон ч гоё үйл явдал болдог. Манай ид шидтэй ах эгч нар бүгд хүүхдүүдээс эрч хүч авч ажлаа хийдэг. Энд олон гоё өөрчлөлтүүд гарч байна. Хүүхдүүд цаг гаргаад зорин ирдэг болсон. Ид шидийн орон төсөл бол хүүхэд хамгааллын салбарт оруулсан хамгийн том төсөл хэмээн бид ойлгодог. Олон хүүхдэд 12 төрлийн сургалт, мөн хүүхэд хөгжүүлэх клубүүдийг нээсэн байна. Одоо "Хөвгүүдийн хөтөлбөр" гээд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Урлагийн сургалт дотроо гитар, төгөлдөр хуур, балет зургийн сургалт мөн "Мэдлэг бол миний бие хамгаалах чадвар" гэх мэт олон олон сургалтууд зохион байгуулж байна. Долоо хоног бүр охидын уулзалтыг зохиодог. Мөн ойр орчны зам талбайг төслийн хүрээнд засаж жишиг гудамж бий болгоно. Ид шидийн орон төсөл бол хүүхдүүдэд боломж олгох, цаашлаад үүнээс илүү гоё орчин нөхцөл олгох үүнээсээ ч илүү сэтгээрэй ах эгч нар нь тусална шүү гэдгийг харуулах зорилготой" гэсэн юм.

"Ид шидийн орон 2" төвийн доторх орчин гэлтгүй гадаах орчин нөхцөл ч гэсэн үнэхээр хэлж боломгүй таатай санагдсан юм. Намрын сүүлчийн үхмэл шаргал өнгөнд дарагдсан юм шиг хэрнээ хүүхдийн баяр баяслын дуу чимээ зуны ногоон өдрүүдийг сэтэлд зураглах шиг дулаахан санагдсан юм. Гадаа сагсны талбайд тоголж буй 73 дугаар сургуулийн 8Г ангийн сурагчид гэхэд бүгдээрээ цар тахалтай энэ цаг үеийг хараад эмч, сувилагч болохоор шийдсэн талаараа хэлсэн билээ.

Хүүхдийн хүсэл мөрөөдөл хязгаар үгүй. Тэгвэл ирээдүйд эх орноо нуруун дээрээ үүрч явах бяцхан үрсдээ сурч боловсрох орчин аятай таатай орчин нөхцлөөр хангах нь энэ хэдхэн залуусын дан ганц үүрэг биш төр засгаас ч гэсэн анхаарч харах нь зүйтэй биз ээ.

Нээрээ сурвалжилганыхаа төгсгөлд эхэнд тосон гүйж ирсэн бяцхан охины цаасан дээр хамгийн хайртай гэх ямар таван зүйл бичсэнээ сонирхуулахад,

Хүүдүүд хамгийн аз жаргалтай байх хэрэгтэй хэмээн гарчиглаад,

1. Цэцэг

2. Яруу найраг

3. Миний хайртай охин

4. Нар

5. Уул хэмээн бичсэн юм шүү.

Түм түжгэнэж, бум бужигнасан их хотын захад өрнөх ийм нэгэн гэгээн хэрнээ буйдхан амьдралаас бэлтгэсэн сурвалжилгаа уншигч танд хүргэлээ.

НЭМГ: “Ковид19-ийн дараах сэргээн засах эмчилгээнд хамрагдахын тулд нарийн мэргэшсэн эмчид үзүүлэх ёстой“
НЭМГ: “Ковид19-ийн дараах сэргээн засах эмчилгээнд хамрагдахын тулд нарийн мэргэшсэн эмчид үзүүлэх ёстой“
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.