Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Хоёр яам байгуулах асуудал орж ирж байна. Асуудлаа дутуу боловсруулсан байна. Түүхий байна. Одоо байгаа энэ төслийг хэлэлцэж батлахад төвөгтэй байна. Яамдууд дураараа төсвөө баталдаг. Дураараа бүтээн байгуулалтын ажил хийдэг. Нэгдсэн нэг удирдлага маш чухал. Үндэсний бодлого төлөвлөлтийг улс салбар хоорондын болон бүс орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлогоор хангах асуудлыг одоогийн түвшинд Шадар сайд, Засгийн газрын ХЭГ-ын даргын аль нэг нь хийгээд явах бүрэн боломжтой. Цөөн чиг үүргийн төлөө яам байгуулмааргүй байна. Хэнийг сайдаар тавих юм бэ. Тэр сайд нь ажлаа хийж чадах юмуу. Ажил хийж чаддаггүй дарга нар маш их байна. Ц.Нямдорж гуайг туршлагатай, зангаргатай гэж л ЗГХЭГ-ын даргаар тавьсан байх. Ажлаа хийж чаддаггүй дарга нарыг базах ажлыг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танаас хүсээд байна. Энэ асуудлаа яагаад ийм дутуу боловсруулж оруулж ирсэн юм бэ" гэж асуулаа.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Хариуцлагын асуудалд Ерөнхий сайдад л бүрэн эрх байдаг. Ерөнхий сайд сайд нараа томилж, УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулдаг. Сайд нартай холбогдолтой шүүмжлэл гараад байгаа. Нэг талаас гарахаас аргагүй юмнууд байгаа. ЗГХЭГ-ын даргын тухайд Засгийн газрын ажлын аппарат. Ерөнхий сайд, Шадар сайдын өмнүүр ороод бусад сайд нарыг захираад байх бололцоо муу. Гэхдээ хүндэрсэн үед сайд нартай ярилцаж байгаа. Залуу сайд нарт сайжиртал хугацаа хэрэгтэй байдаг. Цаашдаа ажлаа сайн хийгээд явах байх. Өмнөх бүх Засгийн газрууд дунд энэ Засгийн газар шиг хүнд нөхцөлд ажиллаж байгаа Засгийн газар үнэндээ байхгүй" гэв.