Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Жавхлан: Монголчууд модоо барьж байхад мод тарья гэдэг Ерөнхийлөгчтэй боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 56 секунд

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан “Монголоо аваръя” жагсаалыг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулж байна. Тэрбээр Засгийн газрыг огцруулах шаардлага тавин суулт хийж байгаа юм. Түүнээс суулт хийж байгаа шалтгааныг нь тодрууллаа.

-Та ямар шалтгаанаар суулт хийж байна вэ?

-Монгол түмнийг дэндүү басамжилж, доромжилж байна. Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр үргэлж Монгол түмний эсрэг гарч байна. Энэ онцгой үед нэг ч удаа хуралдсангүй. Энэ хүмүүс үхэж, үрэгдэж байгаа хүмүүсийн амийг шоргоолзны чинээ тоохгүй байна. Уучлалт гуйлгах гэж сууж байна. Хөөж буулгах гэж, огцруулах гэж сууж байна.

-Засгийн газрыг хэлж байна уу?

-Засгийн газар огцорч, УИХ тар гэсэн шаардлагыг тавьж байна. Энгийн иргэд нэгэнтэйгээ уулзахгүй хоёр жил болдог. Монгол түмний итгэж гаргаж ирсэн эрх мэдэлтнүүд 20-30 мянгаар нь цуглуулаад нисдэг дронтой шоу хийгээд байдаг. Уул ус, гол тахиад хэдэн зуугаараа яваад энэ өвчнийг тараагаад байдаг. Ийм амьдрал байж болохгүй. Монголчууд нь модоо барьж байхад хариуцлагаас зугтаад мод тарья гээд гүйгээд байдаг сагсуу хар Ерөнхийлөгчтэй боллоо. Монголчууд нь үхэж үрэгдээд эмнэлэг дотор битгий хэл эмнэлгийн шал ч олдохгүй гэр гэртээ үхэж байхад дэлхийд байдаг л юм шиг, бүгд үхэж байна гэдэг байдалтай хачин муухай хөнгөн, мөсгүй сэтгэл гаргаж шоу хийгээд, шагнал тараагаад явдаг Ерөнхий сайдтай боллоо. Гэтэл энд чинь хүн зон нь өлсөж, хөлдөж, өрөнд баригдаж, өвчин тахалд нэрвэгдэж, дайны байдлаас илүү хүнд нөхцөл байдал үүслээ. Үргэлж хүн зоныхоо эсрэг шийдвэр гаргадаг УИХ-тай боллоо. УИХ-ын дарга нэг ч удаа монголчуудын хэцүү байгаа үед зөв шийдвэр гаргасан хурлыг зохион байгуулж хуралдуулсангүй. Хамгийн сүүлд хэлэлцэж байгаа хууль нь 50 мянган ам.доллар аваад гадаадаас хүн оруулж ирье гэж байна. Монголчууд энд үхэж байхад тэнд хүмүүсээс мөнгө хайгаад, гуйгаад явж байна. Бараг "Энэ хүмүүс хурдан үхээд дуусаасай. Араас нь хоосон газар дээр нь 50 мянган ам.доллараар хүн оруулж ирье" гэж байгаа юм шиг. Сонгууль болж байхад яаж гуйж, гувшиж байлаа. Энэ хүмүүс төрийн сэнтийд байх эрхгүй.

-Хэдий хугацаанд суулт үргэлжлүүлэх бодолтой байна вэ?

-Энэ хүмүүсийг буулгана. Буутал нь сууна. Л.Оюун-Эрдэнийг дуудаж байна. Уучлалт гуйгаад огцрохоо илэрхийл.

-Таныг улс төрөөс хол байж, уран бүтээлдээ илүү анхаарна гэж ойлгосон?

-Буруу ойлгосон байна. Энэ асуудал Монгол бүх хүнд хамаатай. Өнөөдрийн 3.3 сая хүнд бүгдэд нь хамаатай. Бидний хүүхдүүд энд өсөж торниж байна. Би эцэг хүн. Монгол нийгэмд үүрэг хариуцлага хүлээсэн Монгол Улсын иргэн. Энэ улс төрийг иргэн бүр, айл бүр, хотол болгон бүрдүүлдэг болохоос мөнгө тарааж байгаад гарч ирсэн сэтгэлгүй хүйтэн хүмүүсийг улс төрчид гэж хэлж болохгүй. Монголын ард түмэн тэр чигээрээ улс төрчид. Энэ амьдрал тэр чигээрээ улс төр.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 100 сая мод тарихаа мэдэгдлээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 100 сая мод тарихаа мэдэгдлээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.